Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн юм. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байв. Тэрбээр энэ тэмцээний сүүлчийн оролтоор 255 кг-ыг амжилттай шахсанаар улсын аварга болоод зогсохгүй Дэлхийн дээд амжилтыг ойрын жилд эвдэхээргүй болгож байна. Түүнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.