Медиа салбарын энтрепренер загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, дуучин Б.Нацагдорж нар хамтран IGX энтертайнмент байгуулжээ. Тэд IGX энтертайнмент болон www.monkey.mn, www.models.mn вебсайтынхаа нээлтийг энэ сарын 13-нд ‘Шангри-Ла’ худалдааны төвд ‘Basement’ загварын шоугаар хийхээр болсон байна. Тус шоуг загвар зохион бүтээгч, ‘Kadr’ брэндийн үүсгэн байгуулагч Б.Энхбаатар, ‘J’ салоны захирал, мастер үсчин Л.Жаргал, ‘Zaya’s make up’ студийн захирал, нүүр хувиргагч Буянзаяа нартай хамтран олны хүртээл болгох аж.
‘Basement’ шоугаар шинэ, залуу загвар өмсөгчдийг танилцуулах гэнэ. Түүнчлэн шоунд оролцох бүх загвар өмсөгчдийн стиль имижийг бүрэн өөрчилж буйгаараа онцлог аж. Хамгийн сонирхолтой нь, шоуг ‘Шангри-Ла’ худалдааны төвийн автомашины зогсоолд зохион байгуулахаар төлөвлөжээ. Маш сонирхолтой орчин, шинэлэг тайз, өвөрмөц этгээд загваруудыг толилуулах нь зохион байгуулагчдын зорилго гэнэ.
Ташрамд дурдахад, IGX энтертайнмент к-поп урлагийг дэлхийд түгээж буй БНСУ, Сингапур болон барууны улсад энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн студи, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон байна. Мөн охид, хөвгүүдийн хамтлаг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сонгон шалгаруулалтаа үргэлжлүүлж буй. Үүнд 13-16 насны авьяаслаг хүүхдүүд шалгуулах боломжтой бөгөөд хамтлагт тэнцсэн тохиолдолд 200 сая төгрөгийн гэрээ байгуулах юм байна.