Эрдэнэт хотод болж буй жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.
-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Эрдэнэт” үйлдвэр ямар статус, үүрэгтэй оролцож байгаа вэ?
-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод, тэр дундаа манай үйлдвэрийн Хангарьд ордонд болж байгаад бид баяртай байгаа. Яагаад гэвэл манай үйлдвэрийн үе, үеийн уурхайчдын сэтгэл, зүрх үргэлж их спортын төлөө байдаг. Дэргэдээ, жилийн тэрбум гаруй төгрөгийн зардалтай Хангарьд гэж спортын клубтэй. Олон ч алдартнууд амжилтын гараагаа эхэлсэн, Монголдоо нэртэй клуб. Зөвхөн жүдо бөхийн төрлөөр гэхэд дэлхийн аварга Болдбаатар, олимпийн хүрэл медальт Нармандах, Ням-Очир гээд олон алдартныг нэрлэж болно. Нэр нь “Эрдэнэт” үйлдвэр гэж ерөнхий нэг хаягтай л болохоос нэдэр дээрээ Хангарьд клубын зардлыг манай уурхайчид төлдөг юм. Тэр утгаараа Монголд их спорт хөгжихөд манай “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн уурхайчид сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Манай уурхайчид бол ард түмнийг эв нэгдлийг бэхжүүлдэг их спортын ач холбогдол, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө тамирчин хүний урсгасан хөлсний үнэ цэнийг мэддэг хүмүүс. Тийм учраас, бас олимпийн жил, манай клубын тамирчин Нармандах олимпоос хүрэл медаль авсны 20 жилийн ой зэрэг олон давхцал дунд энэ удаагийн жүдогийн улсын аваргын тэмцээнийг Хангарьд ордондоо зохион байгуулж байна.
-Спортод амжилт гаргахад санхүүгийн дэмжлэг их чухал. Тэр талаасаа манай улсын их спортын төрлүүдийн амжилтыг “Эрдэнэт” үйлдвэрээс салгахын аргагүй. Энэ жил олимпийн жил ч, эдийн засгийн хүндрэлтэй үе таарлаа. Энэ удаа “Эрдэнэт” үйлдвэр Монголынхоо тамирчдыг урьдынх шигээ дэмжиж тусалж чадах болов уу?
-Бэлтгэл сургуулилт хийх боломжийг бид түлхүү олгодог. Бэлтгэлийн үеийн урсгал зардлуудыг бүрэн хариуцдаг. Манай бааз дээр улсын шигшээгийнхэн маань ирж бэлтгэлээ базаадаг. 2016 он олимпийн жил учраас бид урьд өмнөхөөсөө илүүтэй анхаарч, боломжоор нь хангах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилээс зэсийн үнэ унаж санхүүгийн хувьд хүндхэн байгаа. Гэсэн хэдий ч, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, монголчуудынхаа бахархлыг төрүүлэхийн төлөө тамирчдаа боломжоороо дэмжиж тусалж ажиллана. Ялангуяа олимпийн төрлүүдэд зориулдаг, зарцуулдаг урсгал төсвөө хасахгүйн төлөө ажиллана. Олимпийн бус төрлүүдэд өмнөх шигээ гар, сэтгэлээ сунгаж чадахгүй байжмагадгүй. Харин олимпийн төрлүүдэд бол тэгэхгүй, илүү их санаа тавьж ажиллахыг хичээнэ. Энэ бол бидний эрмэлзэл.
-Спортын хувьд тийм байж. Харин улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд биелүүлж чадсан уу. 2016 оны төсөөллөөр биелүүлж чадах болов уу?
-Зэсийн үнийн уналтаас хамаараад 2015 оны гүйцэтгэл бидний төсөөлж байснаас бага гарсан. 2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ихээр унасан. Нэгдүгээр сард нь 6500 байсан зэсийн үнэ удалгүй 5000 болж оны эцэс гэхэд 4500 ам.доллар болсон. Зэсийн үнэ ингэж жилд 2000 ам.доллараар унаж байсан түүх урьд нь байгаагүй. Энэ огцом уналт манай улсад, “Эрдэнэт” үйлдвэрт сөргөөр нөлөөлж бид 2015 онд өмнөх шигээ биш ч, ашигтай ажиллаж чадсан. 2014 онд “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт, мөн нийгмийн даатгалын санд нийтдээ 464 тэрбум төгрөг тушаасан. 2015 оны гүйцэтгэлээр 320 тэрбумыг тушаалаа. Өмнөх жилийнхээсээ дутуу төлсөн 140-өөд тэрбум төгрөг бол зэсийн үнийн уналт, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт, “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт хэрхэн нөлөөлснийг харуулж байгаа юм. Гэхдээ бусад компаниудтай харьцуулахад манай үйлдвэрийн улсад тушаасан 320 тэрбум төгрөг бол өндөр тоо. Олборлолтын хэмжээ ч урьд онуудынхаас өссөн. 2015 онд “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ анх удаа 31.6 сая тонн хүдэр олборлосон. Энэ бол өнгөрсөн 37 жилийн түүхэнд байгаагүй өндөр амжилт. 2016 онд үүнээс илүү үйлдвэрлэлийн үзүүлэлттэй ажиллахаар төлөвлөж байгаа.
-Зэсийн үнэ унасан ч, олборлолт нэмэгдсэн учраас ашигтай ажиллаж чадсан хэрэг үү?
-Зөвхөн олборлолтоо нэмэх төдийнхнөөр зэсийн үнийн уналтыг нөхөж ашигтай ажиллахгүй л дээ. 2015 онд манай үйлдвэрийн хамт олон уулын болон олборлолтын гээд бүх төлөвлөгөөгөө 100 давуулсан хувиар биелүүлсэн, маш сайн ажилласан. Хөрөнгө оруулалт, өргөтгөлийн хэд хэдэн ажил хийж нэмэлт бүтээгдэхүүн гаргасан. Дээр нь үйлдвэрийн хэмжээнд бүсээ чангалж хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, өөрийн өртөг зардлаа бууруулж санхүүгийн сахилга баттай ажилласан. Мөн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж чадсан.
-Ажилчдаа халж цомхотгох замаар зардал хэмнээгүй юү?
-Зардал хэмнэх зорилгоор нэг ч хүн ажлаас халаагүй. Цаашид ч санхүүгийн энэ хямралыг ажилчдаа халахгүйгээр хамтдаа давахын төлөө байгаа. Аль болох ажилчдынхаа цалин хөлс, урамшууллыг бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа. Улсад мөнгө хэрэгтэйтэй адил хувь хүний амьдралд ч орлого хэрэгтэй. Хямралын үед төсвийн өмнө хүлээсэн татварын үүргээ биелүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүн болгоныхоо ажлын байрыг хадгалж үлдэх нь компанийн хувьд хамгийн чухал болохыг бид ухамсарладаг. Тийм учраас хоёр жилийн өмнөөс хямралын эсрэг, хямралыг давах бодлого хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бодлогын хүрээд хөөстэй явж байсан эдийн засгаа хөрсөн дээр нь авчирсан. Зэсийн үнэ 4500 үед, хэрвээ үүнээс доош унавал ямар зардлаа яаж хасах, үйлдвэрлэлээ хэрхэн явуулах талаар нарийн зурчихсан төлөвлөгөө бидэнд бий. Цаашид тэр дагуугаа ажиллана.
-Зэсээ баяжмалаар нь гаргахаа болъё, эцсийн бүтээгдэхүүн хийе гэж олон жил ярьж байна. Яг хэзээ ийм үйлдвэртэй болох вэ. Таны үед энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Засгийн газар Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэрээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Манай үйлдвэрийн 37 жилийн түүх, үе үеийн удирдлагууд, уурхайчид Монголдоо зэс хайлуулах үйлдвэр барьж, эцсийн бүтээгдэхүүн гаргахын төлөө зүтгэж, судалгаа шинжилгээ хийж ирсэн. Өдий хүртэл яагаад хэрэгжээгүй вэ гэвэл нэгд, хөрөнгө мөнгөний асуудал байсан, хоёрт зэс хайлуулах үйлдвэр өөрөө химийн үйлдвэр учраас байгаль орчны сөрөг нөлөөллөөс үүдэлтэй болгоомжлол явсан. Зэс хайлуулах үйлдвэрээс их хэмжээний хүхэрийн хүчил гарна. Хүхэрийн хүчил болон Хөвсгөлөөс олборлох фосфор хоёроороо бордоо хийж болох юм гэсэн судалгааны ажил байдаг. Гэтэл Хөвсгөлийн фосфортын ордыг ашиглах боломжгүй явсаар өдий хүрлээ. Харин Бор-Өндөрт байгуулах боловсруулах үйлдвэрийн хувьд ТЭЗҮ-г нь үндсэндээ боловсруулж дууссан. Нарийвчилсан зураг төслийн ажил ид явж байгаа, ирэх хавраас үйлдвэрийн хөрөнгө оруулагчдын асуудлаар нэлээд идэвхтэй яриа хэлэлцээ явах байх. Аж үйлдвэрийн яамныхан энэ чиглэлийн ажлаа эхэлчихсэн, нэлээд эрчтэй ажиллаж байгаа юм билээ.
-Зэс хайлуулах үйлдвэрийг ордоо түшиглээд Эрдэнэтэд байгуулж болохгүй байсан уу?
-Металлурги химийн үйлдвэр байгаль орчинд сөрөг нөлөөтэй учраас Эрдэнэтийн районд боловсруулах үйлдвэр барих нь экологийн хувьд боломжгүй. Яагаад гэвэл, Эрдэнэтийн район бол Орхон, Сэлэнгийн цэвэр усны эх, сав газар учраас химийн чиглэлийн эрсдэлтэй үйлдвэр байгуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй учраас Бор-Өндөрт байх нь зөв юм гэсэн судалгаа танилцуулсан. Засгийн газар энэ судалгааг үндэслэж шийдвэрээ гаргасан байх.
-Эрдэнэт бол Монгол-Оросын хамтарсан үйлдвэр. Сая Оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж, компани төлөөлөх боллоо. Ингэснээр Оросын талын хувьцаанд ямар нэгэн өөрчлөлт орох болов уу, гадаад зах зээл дээр зарах ч юм уу?
-Оросын талын 49 хувийг Оросын Төрийн өмчийн хороо эзэмшиж байсан. Үүнийгээ 2008 онд шийдвэр гаргаад “Ростехнологи” гээд зуун хувь төрийн өмчит компанид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага хариуцдаг байснаа төрийн өмчийн компани хариуцдаг боллоо. Одоогоор хувь эзэмшил өөрчлөх, хувьцаа зарах тухай яригдаагүй. Гэхдээ компанид шилжинэ гэдэг бол тухайн компанийг хувьчлахад амархан, хувьчлагдахгүй байх баталгаа нь тийм найдвартай биш гэсэн үг. Тэгэхээр цаашдаа “Ростехнологи” компанийн тодорхой хувийг хувьчлах, эсвэл IPO хийх зэрэг нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэрийг бид сайн мэдэхгүй.
-Хэрвээ хувьцаа тойрсон хөдөлгөөн гарвал ХХК-ийн дүрмээр явна биз дээ?
-Тэгнэ. ХХК-ийн дүрмээр явах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй.
-Манайхан одоо оросуудыг дуурайх юм биш биз дээ. Сая ТӨХ-г татан буулгалаа. Үүнийг оросуудыг дуурайж “Эрдэнэт”-ийн Монголын талын хувьцааг төрөөс авч компанид шилжүүлэх эхний алхам гэж зарим хүн хэлж байгаа?
-Сая ТӨХ-г татан буулгасан. Ингэснээр манай компанийн Монголын талын хувьцааг одоогоор Санийн яам төлөөлж хариуцаж байгаа. Оросын талын хувьцааг “Ростехнологи”-д шилжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр оруулж УИХ-аас зөвшөөрөл авсан. Хэрвээ манайх шилжүүлнэ гэвэл бас л ийм процедуртай явж таарна. Энэ тухай одоогоор яригдаагүй. Харин “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлье гэж Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын үед шийдвэр гарч байсан. Хэрвээ хувьцааг төрийн байгууллагаас шилжүүлнэ гэвэл заавал Засгийн газар хоорондын хэлэлцээрээр оруулж, УИХ-аас соёрхон батлуулах ёстой.
-Хувьцаа эзэмшигч ингэж өөрчлөгдсөний эерэг, сөрөг тал гэж байна уу. Жишээ нь, Оросын талын шилжилт дээр…?
-Хувьцаа шилжээд удаагүй байна. Ямарч гэсэн Оросын тал ногдол ашгаа авч чадахгүй маргаантай яваад байсан. 49 сая долларын асуудал байдаг юм. Үйлдвэрийн удирдлага нь өгөхгүй байгаа ч юмшиг, намайг аваад идчихсэн ч юмшиг далимдуулсан мэдээлэл яваад байдаг. Үүний нарийн учир нь биднээс бус, оросуудаас өөрөөс нь хамааралтай явж ирсэн. Оросын талын хувьцаа зэмшигч нь Оросын ТӨХ юм уу, эсвэл “Ростехнологи” нь ч юм уу мэдэгдэхгүй, хууль зүйн хувьд тодорхой болоогүй байсан юм. Харин сая “Ростехнологи” компани албан ёсны хувьцаа эзэмшигч болсноор ногдол ашгаа авах эрх нь үүссэн.
-Санхүүгийн энэ сэдэвтэй холбогдуулж асуухад таныг бас Шилэн данс хөтлөхгүй байна, АТГ-аас анхааруулаад байхад тоохгүй яваа мэтээр мэдээлэл гарч байгаа. Үнэхээр тэгж хөтлөхгүй байгаа юм уу?
-Нэгд, Шилэн дансыг “Эрдэнэт” үйлдвэр хөтлөхгүй биш, хөтөлнө, хуулиар заасан хэм хэмжээнд нь хөтөлж ч байгаа. Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлт нэг өөр аргачлалтай. Харин төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, хамтарсан үйлдвэрүүд, бизнесийн компаниудын шилэн дансны хөтлөлт арай хязгаарлагдмал хүрээнд, арай өөр аргачлалаар хөтлөх хуультай. Бид хуулийн тэр хүрээнд л хөтөлж байгаа. Гэтэл зарим залуучууд биднийг төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд шиг хөтлөхийг, бүх юмаа ил гарга гэж шаардаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, надаас хууль бус зүйл шаардаад байгаа хэрэг. Бид хуульд юу гэж заасан, яг тэр хэм хэмжээнд нь хөтлөөд явж байгаа, цаашид ч тэгж явна. Хэн нэгэн хувь хүн, эсвэл улс төрийн шаардлагаар хууль зөрчих, хуулиас давсан эрх эдлэх эрх надад байхгүй. Үүнээс гадна манайх Монгол-Оросын хамтарсан үйлдвэр болохын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Үйлдвэр дээр явж байгаа аливаа үйл ажиллагаа, шийдвэрийг заавал нөгөө талын хувьцаа эзэмшигч болох Оросын талтайгаа ярилцаж зөвшилцөж явдаг.
-Та ер нь улстөрийн чиг баримжааны хувьд аль намын хүн бэ?
-Би аль нэгэн намын гишүүн биш. Намайг ардчилсан Засгийн газрын үед энэ албан тушаалд томилж үйлдвэрийн үйл ажиллагааг улстөрөөс хамааралгүйгээр хэвийн жигд явуулаарай л гэж захьсан. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төлдөг татвараа цаг хугацаанд нь төлж, санхүүгийн чадамж, өгөөжийг дээшүүл гэж үүрэг өгсөн. Тэрний дагуу би энд ирээд, энэ сайхан хамт олныг удирдаад гурван жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямарч байсан эдийн засгийн өгөөжтэй ажиллуулахын төлөө хамт олноороо хичээж зүтгэж явна.
-Танд улстөрийн ямар нэгэн нөлөө, шахалт ирж байна уу?
-Бараг байхгүй гэж болно. Үйлдвэрийн удирдлагын хувьд бараг улстөрийн ямарч нөлөөгүй, бизнесийн шахаагүйгээр ажиллаж байгаа. Бид эдийн засгийн хөөсийг байхгүй болгох, өмнө нь байсан онцын ач холбогдолгүй, нөөц хэрэгцээнээс давсан шахааг зэргийг зогсоосон. Харьцангуй гайгүй болсон. Гэхдээ энэ чинь “Эрдэнэт” үйлдвэр учраас олон жилийн турш явж ирсэн схем тийм амархан, ийм богино хугацаанд бүрэн задран унана гэж байхгүй бололтой. Одоо ч гэсэн шилэн дансаа төсвөөс санхүүждэг төрийн байгууллага шиг хөтөл, бүх юмаа ил болго гээд байгаа нь, хэрвээ хүссэнээр нь хөтөлбөл хууль зөрчсөн болгох гэсэн л улстөрийн өнгө аяс байгаа шүү дээ. Албан ёсны хуулийн байгууллага болох Үндэсний аудитын газар, Оросын талын аудитын байгууллагын арван жилд нэг удаа хамтарч хийдэг шалгалтаа өнгөрсөн зургадугаар сард манайд хийгээд үнэлэлт дүгнэлтээ гаргаад явсан. Манай удирдах зөвлөл жил бүр хөндлөнгийн эрхтэй аудитын байгууллагыг шалгаруулж санхүүгээ шалгуулдаг. Тэр аудитын дүгнэлтээр л бидний ажлыг дүгнэдэг. 2016 онд ч олон улсын аудитын эрхтэй компанийг шалгаруулаад гэрээ хэлцлээ хийгээд явж байгаа. Гэтэл “ Чи хуулиас давсан эрх эдэлж, хууль зөрчөөдөх” гэж шахаад байгаа нь сонгууль угтсан улстөржилт юм болов уу гэж хардах л юм. Гэхдээ тэр бүгдэд анхаарах, зориулах цаг зав бидэнд байхгүй ээ. Манай үйлдвэр үүдний жижүүрээсээ эхлээд ерөнхий захирлаа хүртэл бүх төвшиндөө санхүүгийн энэ хүндрэлтэй үед яаж ашигтай ажиллах, уурхайчдынхаа цалинг хасахгүй байх, харин ч нэмэгдүүлэхийн тулд ямар менежмент хэрэгжүүлэх вэ гэж зүтгэж байна.
-Шахааны бизнесийг байхгүй болгосон гэж байна. Авлагын асуудал ямархуу байдаг вэ. Та ажлаа аваад “Эрдэнэт” үйлдвэрт өртэй компаниудыг зарлаж байсан. Тэд өрөө барагдуулсан уу, тэгж зарласны үр дүн гарсан уу?
-Би ажлаа авсны дараа хар жагсаалт гаргаж 105 аж ахуйн нэгжийг өрөө төл гэж албан ёсоор зарласан. Ажил хийнэ, сэлбэг материал нийлүүлнэ гэж гэрээ хийгээд манайхаас тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө авчихсан, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй компаниуд байсан. Тэдгээр компаниудтай дахиж хамтарч ажиллаагүй. Тэднээс 20 гаруй компани нь гэрээний үүргээ биелүүлж хар жагсаалтаас хасагдсан. Хар жагсаалт бол шахааны бизнес гэж байхгүй болсон, хэрвээ гэрээ хийсэн бол гэрээний үүргээ биелүүл гэсэн дохио байсан, бусдад ч сургамж болсон гэж боддог. Одоо бол бид нийлүүлэх бараа материал, сэлбэг хэрэгслийг үндсэн үйлдвэрлэгчидтэй нь, үйлдвэрлдэгчид нь байхгүй бол албан ёсны борлуулагчтай нь шууд харилцах зарчмаар авч хамтран ажиллаж байгаа. Ямар нэгэн зуучлагчгүйгээр гэсэн үг. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчид, ялангуяа Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллахад түлхүү анхаардаг. Үр дүнд нь импортыг орлох нэлээд хэдэн үйлдвэрийг орон нутагт бий болгож чадлаа. Тухайлбал, түүхий резин, маск, лед гэрлийн үйлдвэр бий боллоо. Эд бол бүгдээрээ худалдан авах зах зээлээ буюу манайхыг түшиглэж бий болсон, хөл дээрээ боссон орон нутгийн үйлдвэрүүд л дээ.
-Хэрвээ улсад мөнгө хэрэгтэй болоод эрх баригч намын удирдлагаас юм уу, эсвэл Ерөнхий сайдаас танд үүрэг өгвөл та хөрөнгө гаргах эрхтэй албан тушаалтан мөн үү?
-Улстөрийн өнцгөөс юм уу, төрийн албан тушаалтны өнцгөөс тэгж урьдчилж хөрөнгө гаргах эрх үйлдвэрийн ерөнхий захиралд байхгүй. Компанийн тухай хуулиараа ТУЗ-ийн шийдвэрээр компанийн ногдол ашгийг хуваарилдаг. Манай үйлдвэрийн хувьд сүүлийн хоёр жилд ТУЗ хуралдаагүй учраас аль аль тал нь 2014 оны ногдол ашгаа аваагүй явсан. Саяын Советын хурлаар зэсийн үнэ унаж байгаа учраас 2014 оны ногдол ашгийг хуваарилах асуудлыг түр азная гээд хойшлуулчихсан байгаа.
-Яагаад ингэж асуусан гэхээр Монгол Улсын сайд М.Энхсайхан Засгийн газар мөнгөний эрэлд гарсан гэж мэдэгдлээ. Удахгүй сонгууль болох гэж байна. Урьд урьдын сонгуулийн жишгээс харахад яаралтай, эсвэл сонгуулийн санхүүжилтийг “Эрдэнэт”-ээс урьдчилж аваад өгчихдөг байсан. Энэ удаа тийм байдал давтагдвал яах вэ, танайд бэлэн мөнгө бий юү?
-Өмнөх жишгээс харвал тухайн ондоо төлөх татварыг боломжтой бол урьдчилаад төлчих гэдэг шаардлагыг тавьдаг л байсан юм билээ. Энэ бол эдийн засаг сайн, үйлдвэр өөрөө мөнгөний бололцоотой бол байж болох хувилбар. Төлөх ёстой татвараа боломжтой бол сарын өмнө урьдчилаад төлөх нь иргэн хүнд ч, байгууллагад ч байдаг л асуудал. Харин өнөөдөр бол эдийн засаг тааруу, манай үйлдвэр өөрөө бүсээ чангалж ажиллаж байгаа үед хэрвээ тийм шаардлага ирвэл нэг их боломжтой зүйл биш. Татвараа сар сардаа л төлөөд явах байх.
-Оюутолгойн далд уурхайн ажид эхлэх боллоо. Ингэснээр “Эрдэнэт”-д яаж нөлөөлөх вэ, зах зээлээ булаацалдах, үнэ зэрэгт өрсөлдөөн гарах уу?
-Мэдээж БНХАУ руу гарч байгаа зах зээл рүү өрсөлдөөн бий болох байх. Гэхдээ нэг улсын хоёр том үйлдвэр хоорондоо өрсөлдөж үнээ буулгах биш, зах зээл дээрээ хамтарч ажиллахад илүү үр дүнтэй. Тийм учраас бид Оюутолгой компанийн удирдлагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Боломжтой үедээ бие биеэ дэмжиж ажиллах, дутуу зүйлээр бие биеэ нөхөх, харилцан туршлага солилцох гээд хамтарч ажиллаад эхэлж байгаа. Зах зээлийн одоогийн хямарлын шуурганаар дэлхийд манайтай ижил төстэй, манайхаас жижиг олон уурхай хаагдаж байна. Жишээ нь, Клинкор гэж дэлхийд нөлөөтэй зэсийн том тоглогч компани манайтай төстэй хоёр ч уурхайгаа халаа, Чилийн нэг үйлдвэр хаагдаж байна. Жижгүүд нь хаагдаад, Оюутолгой шиг томууд нь нээгдэж байна. Тэр тохиолдолд, хямарлын дараа бид хоорондоо өрсөлдөөд байхгүй, харин ч хамтраад ашигтай ажиллах бүрэн бололцоотой.
-“Эрдэнэт”ийн нөөц шавхагдаж байна уу, одоо хэдэн жил ашиглах вэ?
-Одоогийн хүчин чадлаараа ажиллахад 30 жил ашиглах нөөц бий. Бид сүүлийн жилүүдэд нөөцийн болон геологи хайгуулын ажил нэлээд хийсэн. Үр дүнд нь 200-гаад сая тонн хүдрээр нөөц нэмэгдсэн.