Улсын аварга, хошой аварга малчин өрх, улсын аварга фермер, улсын аварга саальчин шалгаруулах журмыг шинэчлэн батлав. Шалгарсан улсын аваргуудыг шагнахад шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхээр болгожээ.
Улсын аварга, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил, селекцийг мэргэжлийн удирдлага доор, шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын чанараа сайжруулан, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгох, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт малаа хамруулж, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг шаардлага тавьж, эдгээрийг харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон, журамласан байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдаж, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн байх жилээр тооцвол 84.6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66.5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая болж буй юм.
