Монгол төрийг хүлээнэ!
За энэ залуу өөрийнхөө багтай төрт ёсны сонгуульд төрөө дээдэлж, ёс зүйг сахин орно гэдгээ мэдэгдчихлээ. Юун баг, яасан баг гээд л ус үзэлгүй хардаж, уул үзэлгүй хараар будаж байна. Монголчууд 2017 оны 10 дугаар сарын намрын тэр салхитай өдөр парламент дахь 33-ын бүлэг нэрээр түүхэнд үлдэх сонголтоо хийсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг сонгосон явдал байлаа.
Монголын төр монголчуудынх биш, гадаад дотоодын урваач шарваачдаар биеэ арилжиж бэлээ зузаалсан МАНАН бүлэглэлийнх болсон гэдгийг парламентийн төвшинд хүлээн зөвшөөрч, төрөө эргүүлэн авах чимээгүй хувьсгал хийсэн нь 33-ын бүлгийн зоримог алхам байсан гэж би хувьдаа үздэг. Хэдийгээр Монгол төр монголчуудад эргэн ирсэн боловч үнэндээ У.Хүрэлсүх түүхий өндөг атгаад түүхийн дээсэн дээгүүр тэнцвэрээ олон алхах хүнд хэцүү даалгавар үүрсэн.
Хажуугаас нь М.Энхболдын 32 цэрэг урвагч татаж олуулаа болчих гээд, олуулаа л болчихвол хүчээр түрж унагаачих гээд, АН-ын цөөнхтэй нийлж хөмөрчих гээд…өдөр болгон төрийн хувь заяа дэнсэлж, хором болгонд Монгол төрөө авч үлдэх адармаатай нүүдэл хоёр жил гаруй үргэлжиллээ. Харин энэ хугацаанд бид олон юмыг ойлгосон. Хэдэн их наядаар нь баялаг бүтээж улсынхаа төсөвт төвлөрүүлдэг ард түмэн яагаад ядууралд автаад байсныг, хэрхэн төрийн мэдлийн компани ашигтай ажиллаж болдгийг, өрөөлийн болгоод алдсан юмаа өөрийн болгоод оруулаад ирэхэд ганцхан гал мэт ганхашгүй монгол сэтгэл дутаж байсныг олж харсан. АН-ын тавьсан 8.2 их наяд төгрөгийн өрийг Хүрэлсүхийн Засгийн газар төлж барагдуулан, төсвийн сахилга бат тогтоосноор жил бүр 1.0-1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, нөгөө дампуурчих гээд байна гэсээр байж хувьдаа хуваагаад авчихсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авчирч, энэ үйлдвэр анх удаа 1.0 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж, 500 тэрбумын ашигтай ажиллалаа.
Түүгээр л барахгүй дотоодын хайгуулаараа дахин 20 жилийн нөөц илрүүллээ. Тост тосон бумбаас эхлээд хоёр ч том орд газраа төрд эргүүлэн авчирлаа. Цөлмөөд, хоослоод л байдаг байсан болохоос монгол хүний чин зориг, үнэн сэтгэлийг барьж ажиллавал бид өрнөөс гарч, өвчнийг ч туулж чадна гэдгийг Хүрэлсүхийн Засгийн газар харуулсан. Гэхдээ энэ хугацаанд гэтэлж баршгүй бэрхшээл олон байсан гэдгийг онцлох хэрэгтэй.
МАНАН бүлэглэлд Монгол төрийг алдахгүйн тулд юуг тэвчиж, юуг туулсныг хэн мэднэ. Нэг л өдөр нэг л саналаар илүүрхэн, төвхнөж ядсан Монгол төрийн модыг бариулж, морийг цуцааж байгаад буцаагаад авч, бүүрэлхэн дээрэлхэх гэсэн бүхэл бүтэн нам дамжсан бүлэглэлийн өмнө эрс зогсож, эрсдэл гаргасан 33-ын бүлэг, зангидан ажилласан нөхдөд нь талархах учиртай. Гучин жил шийдэж чадаагүй утаанаас салахад ердөө л уул шиг бат, урваагүй монгол шийдвэр хэрэгтэй байж гэдгийг бид харлаа. Одоо л монгол хүн эх орондоо, энэ төрийн өмнө толгой дээгүүр, харц шулуун алхах анхны боломж арай ядан тавигдаж байна. Монголтойгоо үлдэхийн тулд шазуур зууж, толгой бөхийж байгаад доголонгийн газар доголон, сохрын газар сохор явах үе ч байсан л байх. Энэ бүхнийг туулсны эцэст 2020 оны их сонголтын өмнө тулж ирлээ. МАН-ын даргын хувьд У. Хүрэлсүх нэр дэвшигчдийн багаа шударгаар бүрдүүлэхээр ажиллаж байна.
Урваж шарваад, урт хугацаандаа бүдрээд, сандал суудал наймаалцаад, Сан до амбандаа үйлчлээд байдаггүй залуусыг нэр дэвшүүлэх бүх боломжийг эрэлхийлж байна. Одоо л энэ хүнд өөрийн багийг бүрэн эрхтэй бүрдүүлэх, бүдэрсний эцэст урагшлах боломж эл удаан хугацааны дараа зүй ёсоор ирж байна. Тиймээс өөрийн багтайгаа төрт ёсны сонгууль, түмэн олны сонголтын өмнө очихоо мэдэгдлээ. Харж байя, халхын заяа их гэдэг дээ. Ямартай ч бид монгол дээлтэй, харийн төрөөс, мохоо харцтай урваачдаас салах нь. Тэгэхдээ байгуулсан төрөө авч үлдэхийн тулд тэвчихгүйг тэвчиж, хүлцэхгүйг хүлцэж, хүрэн бөөрөндөө хүний хүн зүүгээд гурван оныг гуталдаа холгуулж барав. Холгосон гутлаасаа салчих гэхээр хоронд уначих гээд, амлалтаа биелүүлчих гэхээр ангал руу түлхчих гээд, шийдвэр дээрээ зогсох гэхээр шилдэж гуядчих гээд….МАН-ын 65 гишүүний тал нь МАНАН-гийнх болохоор манай төрөөр шороо арчиж, шоронд өлгөчих гээд нэг бус удаа зүтгүүллээ, нээрэн Монголын заяа, монгол түмний дэмжлэг л тогтоож барьлаа, тооноо тэгшиллээ. Эр хүн ард түмнийхээ итгэлээс өөр зэвсэггүйгээр, тулах цэг, тэнцэх тэнцвэр барьж энэ хүртэл эрлийз сэтгэлтнүүдэд боорлуулан зүтгэхээс өөр яахав. Та нар минь дэмжээд өг, дэмий шарваачид, ханадаггүй шулаачдыг тойрогтоо бүү хүлээж ав, бүү хуурт. Монголчуудад жинхэнэ утгаараа төрдөө эзэн болох их хувь ирж байна. Тиймээс Хүрэлсүхийн багийг хүлээе, хүмүүсээ нэр дэвшүүлснийх нь дараа шүүе.