БАГШИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДЭНСЭЛГҮЙ БҮТЭЭЛ
Зава Дамдин Ринбүчи / Zava Damdin буюу Лувсандаржаа ламтны“Томъёолшгүй” ном гахай жилийн хуучдаар олны хүртээл болсон билээ. Уншсан цагаасаа хойш энэхүү бүтээлийн талаар заавал бичих юм шүү хэмээн бодсоор цөөнгүй сарыг өнгөрөөжээ. Заавал бичнэ хэмээсний учир нь энэ номын талаар дуугарахгүй өнгөрч болохгүй хэдэн учир шалтгаан байгааг товчхон өгүүлсү.
1. Уламжлалыг сэргээсэн нэгэн гавъяа
Монголчууд эрт дээрээс ихэс дээдсийн намтар түүхийг уран сайхны аргаар өгүүлсэн бүтээл туурвих тогтсон уламжлалтай байв. Энэхүү уламжлалын нэгэн онцлог нь улсын түүх бүтээхдээ ч, хувь хүмүүний намтрыг бичиглэхдээ ч эхлээд язгуураас наашхи түүхийг хураангуй, дэлгэрэнгүй аль нэгэн хэлбэрээр өгүүлээд дараа нь үндсэн сэдэвтээ шилждэгт оршдог. Монгол мэргэдийн монгол, төвд зэрэг олон хэлээр бичсэн намтар зохиолоос үүнийг олж харж болно. Харамсалтай нь энэ уламжлал 1920-иод оноос хойш орхигдсон. Лувсандаржаа ламтан өөрийн номын багш Гүрү Дэва ринбүчийн намтар зохиол болох “Томъёолшгүй” номоо яг тэрхүү эртний уламжлалаар бүтээжээ.
Академич Д.Цэрэнсодном бээр уг номын оршил үгнээ “Зохиогч уг бүтээлээ төдөн онд мэндлээд ийм тийм ажил төрөл хийж явсан гэх маягаар тоочин тодорхойлох аргаар бус, монгол намтар зохиол туурвидаг сонгодог уламжлалыг бүтээлчээр ашиглаж, домог, цадиг, шүлэг, холбоо, илт өгүүлэхүйн арга тэргүүтнээр хачирлан энгийн агаад уран яруу өгүүлсэн нь эл төрөл зүйлийн хувьд чухам,
Умартсаныг сануулж
Унтарсныг сэргээж өгсөн чамбай бүтээл болсон” гэж үнэлсэн байна.
Зохиогч бээр “Томъёолшгүй” номоо “Ихэс”, “Богд” гэсэн хоёр дэвтэр, тус бүр 13 бүлэгтэйгээр бичжээ. Тэргүүн дэвтэрт Жагарын орноо бурханы шашин үүссэн цагаас хойш төрсөн алдарт егүзэр, дүвчингүүдээс Монголын анхдугаар Богд Өндөр гэгээнийг хүртэлх ихэс дээдсийн олсон эрдэм, үзүүлсэн шидийн талаар сонирхолтой сайхнаар өгүүлжээ. “Богд” хэмээх дэд дэвтэрт зохиолын гол баатар, эрдэмт лам Гүрү Дэва ринбүчийн нэгэн насны амьдралын ээдрээ бартаа, уналт босолт, дотоод ертөнцийг уран сайхнаар дүрсэлсэн байна.
Өнөө цагт хэн нэгэн алдартны намтар цадигийг бүтээх үйл цаглашгүй өрнөлийг олж байгаа ч бичлэгийн арга барил нь орчин үежиж, энгийн хуурайгаар тоочин хүүрнэх хэлбэр зонхилж, уран сайхны аргаар бичивч хэл найруулга нь мохоо модон, заримдаа бүр албаны хуурай үгсийн цуглуулга төдий болоод байгаа нь тодорхой үнэн. Лувсандаржаа ламтан энэхүү хэвшиж тогтоод буй дүр зургийг эвдэж, уламжлал нь тасраад 100 жил болж буй намтар бичлэгийн арга барилыг сэргээсэн нь яалтгүй гавъяа мөн.
2. Сонгодог монгол хэлээ дээдэлсэн нэгэн гавъяа
Монголчууд өнө эртнээс уламжилсан бичгийн соёлтой. Ном судар бүтээх, зарлиг айлтгал, захиа зурвас бичих тогтсон соёл бий болоод олон зууныг үдсэн. Уран яруу үгээр утга найруулга хийгээд үг үсгийн алдаагүй бичих хатуу шалгуур тавьдаг байв. Цагийн эрхээр үсэг бичгээ сольж, албаны, энгийн хэллэг бичгийн соёлд түрэн орж ирсэн. Хар ярианы хэлээр биччихээд утга зохиолын ийм тийм шилдэг бүтээл хэмээн биесээ хөөргөдөн өргөмжилцгөөдөг болсон.
Ийм л цаг дор “Томъёолшгүй” номоо Лувсандаржаа ламтан бичгийн сонгодог монгол хэлээр бүтээжээ. Гурван зуун жар гаруй нүүр хуудастай “Томъёолшгүй” ном эхний өгүүлбэрээс эцсийн өгүүлбэр хүртэл бичгийн сонгодог хэлний утга уянга сайтай, аялгуут хэмээн тодотгомоор хэмнэлээ ер алдаагүй нь анзаарагдана. Ийм сонгодог хэл найруулгатай хүүрнэл зохиол ойр мөд гараагүй гэвэл бичгийн найз, номын садангууд минь гомдож мэднэ. Гашуун боловч үнэн хойно яалтай билээ дээ.
Зохиолч бээр нэгэн бүсгүйн харагдах байдлыг ганц өгүүлбэр, 200 гаруй үгэнд багтаан уран яруу дүрсэлснийг нь уншаад утга зохиол судлаач Purevkhuu Bathuyag П.Батхуяг хамгийн урт өгүүлбэрийг утга төгөлдөр бичих даалгавар шавь нартаа өгөхөд ирээдүйн зохиолчдоос ганц хоёр нь л 40-өөд үгтэй өгүүлбэр зохиож, бусад нь 20 үгнээс хэтрээгүй тухай харамсан өгүүлсэн түүх санаанд оров. Залуус багачууд маань уртхан, хүндхэн бичвэрийг уншиж ойлгохоо байлаа хэмээн багш нар халаглаж буй цаг дор “Томъёолшгүй” номыг эхний уншилтаар ухахгүй хүн байж болох ч түүнээс үл халшран шимтэн сайтар уншваас бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугай “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл мину” хэмээн бахархан дуу алдсаны мөнхүү утгыг онож таньж болохоор ажгуу.
Лувсандаржаа ламтан Монголын утга зохиолын ертөнцөд түгээмэл эс гэхэд зайлшгүй байж л байх ёстой, уламжлал соёлоо дээдэлдэгсэн бол бүр хоймор эзлэн ханхайх ёстой бичгийн сонгодог хэлээ дээдлэн “Томъёолшгүй” номоо туурвисан нь яалтгүй нэгэн гавъяа мөн.
3. Ном бүтээх соёлыг дээдэлсэн нэгэн гавъяа
Өнөө цагт болсон болоогүй ном их хэвлүүлж байна. Хэн дуртай нь ном бичдэг болсныг дагаад номын соёл хэмээх том соёл бас утга агуулгаа гээж эхэллээ. Номын соёлыг дээдлэх нь бүү хэл хэвлэлтийн наад захын стандарт шаардлагуудыг ч хайхрахаа болив. Хэдий тийм ч цөөн тооны бичгийн мэргэд өөрийн ном бүтээлдээ мөнөөх номын соёлыг хадгалж чадаж байгаагийн нэг нь Зава Дамдин ринбүчи гэдгийг би өмнө хэвлүүлсэн ном бүтээлүүдээс нь мэдэх юм.
Номын хавтас, цаас, шрифтийн сонголт, зураг чимэглэл нь өөгүй сайхан болжээ. Энэ бол техникийн талын асуудал. Түүнээс гадна номын зохиомж гэж онцгой анхаарах асуудал бий. “Томъёолшгүй” номын зохиомжийг сайтар бодож шийдсэн байна. Хоёр дэвтэр нь тус бүр 13 бүлэгтэй, эхний дэвтэрт гол баатартай номын дамжлагаар зайлшгүй холбогдох бүх түүх эрэмбэ дэсийн дагуу, дараагийн дэвтэрт гол баатрын амьдрал бүхлээрээ багтжээ. Бүлэг бүрийн эхэнд “Биеийн хуяг дуулгаар нэгэн хэсгийг авармуй Сэтгэлийн хуяг дуулгаар түмэн үеийн соёл гэгээрлийг авармуй”, “Ид шид гайхамшиг тэртээ холд үгүй хажууд тань буй Эрх чөлөө гадаад шалтгаан бус сэтгэлийн чинадад оршмуй” зэрэг холбоо үг оруулж, тухайн бүлэгт өгүүлэх түүхийн гол утгыг тодлон хурайнгуйлсан нь өвөрмөц шийдэл болсон байна.
Энд тусгайлан яривал зохих өөр нэг зүйл бол номын чимэг зураг юм. Номын бүх зураг чимэглэлийг зохиогч өөрөө зуржээ. Чингэхдээ монгол бичгээ ихэд эрхэмлэн, төв агаад уран нарийн бичлэгээр чимэглэл хийж, ерөнхийдөө зургийн зохиомж, өнгө будаг сэлтийг эртний ном судрын зураг чимэглэл лугаа адилаар үйлджээ.
Ном бол зохиогчийн хувьд оюун ухааныхаа хүчээр бүтээсэн үр хүүхэд нь. Агуулгын хувьд ч, харагдах байдлын хувьд ч төгс төгөлдөр үр хүүхэд бүтээх үү, өөтэй сэвтэйг бий болгох уу гэдэг наанаа хувь хүнийх мэт ч, эцсийн эцэстээ Монголын номын соёлд эерэг, сөрөг хувь нэмрийн алийг нь оруулах вэ гэх хариуцлагын тухай асуудал байдаг. “Томъёолшгүй” номын зохиогч ном бүтээх соёлыг дээдэлж, уламжлалыг шинэчлэлтэй сайтар зохируулсан нь нэгэн гавъяа мөн.
4. Багшийн ачийг хариулсан нэгэн гавъяа
Энэ ном бол Гүрү Дэва ринбүчи хэмээх номт ламын амтралын замналыг намтар бичлэгийн уламжлалт монгол аргаар илэрхийлсэн бүтээл гэдгийг өмнө дурдсан. Гүрү Дэва ринбүчи бол “Томъёолшгүй” номыг зохиогч Лувсандаржаа ламтны номын багш юм. Тэрээр 1909 онд Их зуу аймгийн Хангин хошуунд алтан ургийн тайж язгууртны хүү болон төрж, Энэтхэгийн их Махасидда Бундаширийн арванзургадугаар дүр мөн гэдэг нь тэр даруй тодорхой болсон ер бусын хувь тавилант нэгэн байв.
Түүний хүүхэд хийгээд идэр насны он жилүүд ер бусын хөл хөдөлгөөнтэй байж, үхэл амьдралын зааг дээрх эгзэгтэй мөчүүд олон тохиолдсон, мөн цөвүүн цагийн салхинд нэрвэгдсэн олон газрын монголчуудын хувь заяа хэрхэн ээдэрч будилсан хийгээд эртний ерөөлөөр тусгаар Монгол улсдаа насны сүүлийг элээж, буян номын үйл нь бадран дэлгэрсэн тухай “Томъёолшгүй” номын дэд дэвтэрт уран сайхны аргаар яруу тодорхой өгүүлсэн байна.
Зохиогч бээр “Энэхүү номыг өвгөн богдынхоо ачийг тоосны төдийд ч болов хариулахуйд зориулав” гэсэн үгээр номоо эхэлсэн байгаа. Тэгээд хэр зэрэг хариулсан бол гэсэн сониуч бодлыг энэ үг эрхтгүй төрүүлж, бушуухан уншиж үзэх хүсэл төрүүлнэ. Номын уншиж өндөрлөхүйд “Ийм сайхан ном бичсэн юм чинь багшийнх нь сүнс баярлаж байгаа даа” бодол төрнө. “Томъёолшгүй” ном бол Зава Дамдин ринбүчийн хувьд яалтгүй л Гүрү Дэва ринбүчи багшийнхаа ачийг хариулсан нэгэн гавъяа мөн.
5. Ухаарлын абшиг хүртээсэн нэгэн гавъяа
Ном бүтээх нь хувь хүний асуудал. Харин бүтээсэн ном нь түмэн олонд хүрч түгэхийн цагт мөнөөх хувь хүний асуудал гээч үгүй болж, тэр номыг уншсан хүнд ямар мэдлэг, ухаарал өгөв гэдэг хариуцлагын тухай асуудал үүснэ. Мэдэхгүйгээ мэддэггүйн гайгаар худлыг түгээх, мэдэхгүйгээ мэдэж байсан ч худлыг түгээх нүгэл өнөө цагийн бичээчид дунд нэлээд анзаарагддаг. Мөн мэдэж байгаагаа бусдад түгээлгүй өөртөө хав даран өмчирхөх адын шуналтангууд ч байдаг. Эдгээрийн аль аль нь сэтгэл гэгээрээгүйн шинж. Харин чин бишрэл, сүжигтэй, номын их хүмүүнд тийм нүгэлт сэтгэл үгүй. Тэд хүмүүнд ухаарал гэгээрэл өгөхийн төлөө сэтгэл талбих тангарагтнууд.
“Томъёолшгүй” номын зохиогч бээр хүмүүнд ухаарал гэгээрэл өгөх олон сайхан түүхийг уг эхийг гажуудуулалгүйгээр уран сайхны аргаар, илүү сонирхолтойгоор өгүүлж чаджээ. Жишээ нь, Энэтхэгийн шид бүтээлийг олсон егүзэр Нагважодва (номонд Гахнаба хэмээх санскрит нэрээрээ гарч буй) нь багшийн ачаар олсон эрдэм чадалдаа хэрхэн шандуурч, бас түүнийгээ ухааран гэмшиж, улам ихийг сурч байгаа сургамжит түүхийг уншсан хүн нэгийг бодохгүй өнгөрч эс чадна.
Энэтхэгийн дорнод хэсгийн Bihar нутагт эрт үед байсан Магада улсын хаан Домбиба бээр номын ёсонд шүтэж, олон жилээр дияан бясалгал хийсний эцэст сайн болоод муу хүн төр барихын үр дагаврын талаар айлдсан сургаал гэхэд л төр барихүй ухааны өнөө цагийн ямар ч онолоос товч тодорхой ухаарлыг өгнө.
Энэ мэтээр тоочвол ухаарал гэгээрлийн асар олон түүх “Томъёолшгүй” номонд орсон учраас ухаарлын абшиг хүртээсэн бас нэгэн гавъяатай бүтээл мөн хэмээн хэлмээр байна.
Урианхан Б.Галаарид
2020.08.20.