Төлийн дуу цангинасан малчны хотноос монголын олны танил хүмүүс нэлээдгүй төрсөн. Тэднээс энэ цагийн алдартан болсон хүмүүсийг тоймолж хүргэе.
Олимпын аварга Н.Түвшинбаяр
Монгол улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг танихгүй хүн монголд үгүй.
Өдгөө 36 настай тэрээр Булган аймгийн Сайхан сумын малчин Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.
Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болжээ. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ.
Тэрээр 2012 оны олимпод Оросын Тагир Хайбулаевтай барилдаж ялалт байгуулснаар Монгол улсын анхны олимпийн хос медальтан болжээ.
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.
МУГЖ С.Жавхлан
МУГЖ дуучин С.Жавхлан бага балчраасаа өнчин өрөөсөн өссөн гэдэг. Тэрээр 1980 онд Увс аймгийн Улаангомд инженер мэргэжилтэй малчин Самандын дөрөв дэх хүүхэд болон төржээ.
Түүний ээж Л.Тогтох газарзүйн багш байсан гэдэг. Зуны амралтаа малын дэргэд өнгөрүүлдэг байсан тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Гачууртад монгол гэрт амьдардаг. Бас цөөн хэдэн малтай гэдгээ ярьсан байдаг.
АЖ,Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровыг их хувилгааны хойд дүр гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Түүний удам судар, урьд насны тухай нутгийн ардууд ийн ярина.
Халхын алдарт Цогт хунтайжийн хүү Заан тайж гэж байжээ. Заан тайжийн хүү Сутай нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны анхны засаг ноён юмсанж. Сутайн үр удам Илдэн бэйлийн хошууны засаг ноёны суудлыг үе улиран эзэгнэж ирсэн байх бөгөөд жишээ нь арван тав дахь засаг ноён Эрэнжунай, арван зургаа дахь засаг ноён Дондовжанцан, арван долоо дахь засаг ноён Норовжанцан гэж удамласаар 20-р зуунтай золгосон байна. 19-р зууны сүүл үед Илдэн бэйлийн хошууг захирч асан Дондовжанцан ноён нутаг орондоо гоё сайхнаараа, бас судар номын авшиг хүртсэн эрдэм ухаанаараа алдаршсан Цэрэндолгор хэмээх бүсгүйг хатнаа болгожээ. Энэ бүсгүйг Илдэн бэйлийн хошууныхан “Гоё ажаа” гэж хүндлэн биширдэг байж. Нэг удаа Дондовжанцан ноён Цэрэндолгор хатантайгаа хамт Амарбаясгалантын хийдэд мөргөхөөр явжээ. Энэ үед ноёнтон зориуд “Хар бух”-ын голыг зорьж эртний өвөг Цогт хун тайжийнхаа Хар балгасанд очиж мөргөсөн байна. Тэгтэл “Гоё ажаа”-гийн унаж явсан морь гэв гэнэт бусгаж хатан Цэрэндолгор мориноос унажээ. Үүнд Дондовжанцан ноёныг дагалдаж явсан хувилгаан ламтан ихэд билэгшээж, мэргэ төлөг гүйлгэж үзсэнээ “Хатан ахайтан Цогтын Хар балгасны дэргэд газардсан нь эцэг дээдсийн сүнс хатныг саатуулсан “хорог” байлаа. Та бодисадва юм байна. Одоо “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрнө. Тэр хүү энгүй их номтой хувилгаан лам болно.
Даанч тэр хувилгаан цагийн цөвүүнд урт наслахгүй юм байна. Гэсэн ч би ноёнтоныг дагалдаж яваа Хүрэл гэдэг энэ залуугийн удамд хувилгааныг дахин төрүүлнэ. Дахин төрсөн тэр хүү олон түмнээ ямагт баясгаж, сэтгэлийн цэнгэл үзүүлж байдаг тэнгэрийн сурвалжит их хүн болно” гэж айлджээ.
Энэ явдлаас хойш жилийн дараа “Гоё ажаа”-гаас нэгэн хүү төрсөн бөгөөд тэр нь хожмын Илдэн бэйлийн хүрээний хувилгаан ламтан Сономцэрэн байлаа. Тэрбээр ямар ч хүний өвчин зовлонг шууд хэлдэг, түүнийг нь илааршуулж чаддаг, эрдэм номонд гаргууд сайн, дуу хууранд дуртай нэгэн байж. Харамсалтай нь Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх хувилгаан ламын айлдсанаар Сономцэрэн ламтан урт наслаагүй бөгөөд гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед хилс хэргээр цаазлагдсан байна. Тэр цагаас эхлээд Илдэн бэйлийн хошууны хөгшчүүд хэдийгээр цаг төр хатуу байсан ч Сономцэрэн хувилгааны хойд дүрийг тодруулахаар “Ямар айлд гэрэл гэгээ цацруулсан хүүхэд төрөх бол” хэмээн битүүхэн тандаж, ялангуяа нэгэн цагт Дондовжанцан ноёныг дагалдаж явсан мөнөөх Хүрэл хэмээх залуугийн үр удмыг ихэд сонирхох болсон байна. Төдөлгүй Хүрэлийн удмын Цэрмаа хэмээх бүсгүйгээс гэрэл гэгээ цацруулсан нэгэн хүү мэндэлсэн бөгөөд Бэйлийн хүрээний хөгшчүүд энэ хүүг Сономцэрэн хувилгааны сүнс хэмээн далдуур шүтэж, улмаар Илдэн бэйлийн хошууны арван долоо дахь засаг ноён Норовжанцангийн нэрийг билэгдэн Жанцанноров гэж нэрлэжээ. Тэрхүү Жанцанноров нь өнөө цагийн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров бөлгөө гэж сэтгүүлч, зохиолч Б.Ойдов өөрийн номондоо иш татсан байдаг.
Мөн тэрбээр Н.Жанцанноровын талаар бичихдээ “Миний төрсөн Хужирт нутгийн уугуул “Үхэрчин” Санжаазав, “Хар” Очир тэргүүтэй хөгшчүүл тээр жил эрт урьдын явдлыг хүүрнэж суухдаа “Өнөө цагийн алдарт хөвгүүн Жанцанноровын ээж Цэрмаа үнэхээр сайхан хүүхэн байсан юм. Сономцэрэн хувилгаан түүнд сэтгэл алдарч явсан ч энэ хоёрт учран золголдох хувь тохиогоогүй. Тиймээс хувилгаан Сономцэрэн Цэрмаа бүсгүйн хэвлийд дахин төрсөн юм” хэмээн дурссан байдаг.
Н.Жанцанноров 1947 онд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Цагаан хөтлийн “Хондлой” хэмээх газарт малчин Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж, төржээ. Бага насандаа бусдын л адил, ишиг хурга хөөцөлдөж, унага татаж өсөв. Монголчуудыг өөрийн авъяас билгээрээ гайхуулж яваа эрхэм уран бүтээлч маань 1957 онд сумынхаа бага сургуульд дөрвөн жил суралцаад, Хужиртын 10-н жил рүү шилжиж тэндээ бүрэн дунд сургуулиа дүүргэжээ. Тэр бусад сумын сургуулийн хөвгүүдтэй адил сурагчын дотуур байранд амьдарч, завсарлагаанаар тэвэг хөшиглөн, гэрээс ирсэн боорцогоо булаацалдан хувааж идэж явснаа дурсах дуртай. Гэхдээ хичээлдээ муугүй, толгой сайтай сурагч байсан. Түүнийг аравдугаар ангид ордог жил аав н.Нацаг “Миний хүү л эрдэм номын мөр хөөхөө бод. Бид хэд яахав, хэдэн дүү нар чинь, малын захыг ойртуулаад байна” хэмээн зулай дээр нь үнэрлэж байснаа Жа эрхэм хожмоо шүүрс алдан дурссан байдаг. Гэвч монголын урлагийн нэгэн томоохон төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав хүүгээ алдаршихыг үзээгүй.
МУГЖ М.Баярмагнай
Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин М.Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт малчин Магсаржаламын ууган хүү болон төржээ. Тэрээр 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн юм.
Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн.
2006 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск”продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.