“MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсоноор олны талархлыг хүлээсэн. “Шарк танк”-уудаас хамгийн нэр хүндтэй нь байж магадгүй.
Өөрийнхөө үйлдэл бүрээ брэнд болгож чаддаг тэрээр кроссфитээр хичээллэж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Анхны өдөр дасгалынхаа 20 хувь нь хүрээд яагаад ч дуусгаж чадахгүй нь гэж бодож байлаа. Гэхдээ ямар ч түүртэлгүй хийж байгаа бусад хүмүүсээс нэрэлхэж дагаж хийсээр дуусгасан. Нэрэлхүү над шиг хүн чадахгүй гэж бодсон зүйлээ өөрөөсөө илүү хүмүүстэй хамт хийвэл хурдан сурахаар юм байна лээ. Нэг сайхан хөлсөө гаргахсан” гэжээ.
Дорнод аймагт төрж өссөн, МУИС-ийг төгссөн Д.Энхтүвшин 1997 онд MCS компанид ажилд орж, 10 жилийн дараа гэхэд америк долларын саятан болсон гэдэг.
Тэрээр энэ тухайгаа “Анх М Си Эс -т ажилд орохдоо хонхны баярынхаа хослолыг ч авч өмсөх мөнгөгүй байсан. Хэдий тийм ч ажиллаж эхэлж байхдаа би их мөнгө олох тухай бодож биш урдах ажлаа хэрхэн сайн хийхэд л бүхнээ зориулж байсан. Цөөнгүй өөрчлөлт шинэчлэлтийг ч компанидаа хийсэн байдаг. Үүнийг маань Оджаргал захирал үнэлж, компанийнхаа хувьцаанаас эзэмшүүлсэн. Энэ нь МСS-ийн өсөлт, томролттой холбоотойгоор богино хугацаанд сая доллараар үнэлэгдсэн хэрэг. Зарим компани хэр таарсан цалингаар хүмүүсээ ажиллуулаад явах сонирхолтой байдаг ч надад тийм зүйл тохиолдоогүй нь нэг талаасаа их аз байх” хэмээн ярьсан байдаг.
Дорнодоос ирсэн оюутан, дөрвөн дүүтэй айлын том болохоор зах дээр мантуун бууз зарж явсан залуу MCS-д 23 жил ажиллаж, насны зөрүүтэй ч Ж.Оджаргал захиралтай 23 жил нөхөрлөж байгаа нэгэн. “Шарк” Энхтүвшингийн нагац эгч нь Топ модель Э.Одгэрэл. Эхнэр нь мисс Ц.Нямцэцэг. “Шарк” Энхтүвшин олны нийтийн дунд нэр хүндтэй, хамгийн нэр цэвэр бизнесмэний нэг гэж болно.