Хорио цээрийн дэглэм үл харгалзан 2%-аас доош градустай пиво хуулиараа худалдаж болно
Ажлын ах, бичиг цаас болон гарын үсэг цуглуулан нааш цааш гүйнэ. Ямар учиртай бичиг болохыг нь асуулаа. Байгууллага, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг “зөвшөөрнө”, “зөвшөөрөхгүй” дээр саналаа хэлж алийг нь дэмжиж буйгаа гарын үсгээр баталгаажуулах юм байх. Би ч дотроо “Ах хүү өөрөө уухгүй, дээр нь хамт олноороо гарахаараа архиар шахаад аль мууг нь үзээд байхаар ийм санаачилга гаргажээ ухааны юм” бодон Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль эргүүлэв. Гэтэл “Олон нийтийн үүсгэл санаачилга гарвал тухайн байгууллага нь дэмжих үүрэгтэй” гэх зохицуулалт тус хуульд байлаа. Бид хуулиа мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг явдгийн нэгээхэн жишээ энэ болов уу.
Шинэ оноо угтаж байгууллага, хамт олноороо салхинд гарах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хуралдаж суухдаа хөгжөөнт тоглоом тоглуулах шийдэлд хүрчээ. Харин хөгжөөнт тоглоомын ялагчийг хэрхэн урамшуулах дээр санал хураахад оргилуун дарс, архийг дэмжиж буй хүмүүс эрх зүйн боловсрол эзэмшсэн гэхэд “гайхмаар” тохиол байв. Угтаа хуульд “Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэв уг зөрчлийг гаргасан бол Зөрчлийн тухай хуульд иргэнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох санкцитай байдгийг мэдэх ёстой.
Монголчууд бидэнд нэг ойлголт байдаг нь цэргийн алба хааж эрийн цээнд хүрч эр хүн боллоо эсхүл оюутан болсон том залуу чинь уухгүй яадаг юм хэмээн онгироож архи өгдөг. Гэтэл хорин нэгэн нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах нь хууль бус үйлдэл. Бидэнд хавтгайрсан найр, халуурсан архидалт даанч их байдаг нь харамсалтай. Уухаараа хэтрүүлэн хэрэглэх нь хэцүү ч, уусан үедээ уухгүй нэгнээ шахах нь бүр хэцүү. Энэ бүх үйлдлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд хориглосон ч Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцож, торгох шийтгэлгүй байгаа нь үндэсний соёл, сэтгэлгээнд нийцүүлсэн зохицуулалт гэлтэй.
Архиар шахах, хэтрүүлэн хэрэглэх гэснээс хааяа ганц пиво уумаар санагдах үе гардаг л даа. Тэр үеэр дэлгүүр орж таарвал “Уучлаарай сар бүрийн нэгэнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон тул танд үйлчилж чадахгүй” гэдэг. За яахав, хуулиа барьдаг сайн газар юм. Нэхээд нэмэргүйгээс хойш “Ганц лааз Сэнгүрийн жимстэй пиво өгч тус болооч” гэхэд “Адилхан л пиво тул танд зарж чадахгүй нь гэх худалдагчийн тайлбар дагалддаг. Гэвч хуульч хүнийхээ хэргийг хийж ганц пиво авч уух эрхээ дараах тайлбарыг хэлсний ард эдэлсэн юм даг.
Согтууруулах ундаа гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т заахдаа “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна”.
Согтууруулах ундааны төрөлд юу хамаарахгүй вэ?
Согтууруулах хэмжээ нь хоёр хувиас доош болох нэр бүхий жимстэй пиво нь 1.9%-тай тул согтууруулах ундааны төрөлд тооцогдохгүй байна. Иймээс аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шаардагдахгүйгээр худалдан борлуулах, мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд ч зарж болох тул энэ бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх бүрэн боломжтой болж байгаа биз дээ.
Бид болох, болохгүй гэх олон хориг дундаас хуулиар олгосон ганц боломжийг ч бусдадаа заавал хэдий сайн байхсан. Харин дээрх пивыг уугаад (айраг ч мөн ялгаагүй) замын цагдаатай таарах юм бол хуульд зааснаар согтууруулах ундааны төрөлд хамаарна гэж нэрлэн заагаагүй ч мэдээж жолоодох чадварт нөлөөлөх тул хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм.
Жич: Энэхүү тэмдэглэлээр согтууруулах ундаа сурталчлаагүй болно!
Б.Пүрэвсүрэн