“MAAZ” хамтлагийн дуучин, жүжигчин “ID film” студийн үүсгэн байгуулагч, найруулагч Ганзоригийн Жанчив сүүлийн үед үзэгчдийн хараанд өртөх болсон уран бүтээлч. Тэрбээр оюутан ахуй цагаасаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болоод амжсан.
Түүнчлэн найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг шинэлэг өнгө аястай дуу, кино шиг өрнүүн үйл явдалтай клипээрээ шуугиан тарьж байв. Түүний сэргэлэн, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ Монголын кино урлагт цоо шинэ орон зай, өнгө төрхийг бүтээж яваа тэрээр туранхай явсан залуу насаа дурсаж “Залуу ч байж, туранхай ч байж” хэмээн бичжээ.
Түүний хувьд жүжигчин болохоосоо өмнө хувийн сургуульд сурдаг байсан ч Соёл урлагийн их сургуульд орох хүсэлдээ хөтлөгдөн сургуулиасаа гарч зөөгч хийдэг байжээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагад “Манай хамтлагийн Тагтаа зах дээр зогсож, би зөөгч хийдэг байсан. Хүүхдүүд хичээлдээ явж байхад би тамхины иш цэвэрлээд л, шантрах үе цөөнгүй. Үеийнхэн ангиаараа орж ирээд суухад, би хоолыг нь зөөнө. Бас л эвгүй мэдрэмж.
Гэхдээ мөрөөдлийнхөө төлөө даваад л гарсан. Дараа жил нь шалгалт өгөөд тэнцсэн дээ. Хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаж тэнцсэн гэдгээ хэлсэн. Орой гэртээ очиход, ээж маань бууз, салат хийгээд ширээ засаж угтсан” гэжээ.