“ХҮРЭЛСҮХ” ЯВАХ ЦАГ БОЛЛОО, ХОНГОР МИНЬ
МАН-ын дотоод амьдралыг гаднаас нь учир мэдэхгүй хүний нүдээр харахад тогтуун сайхан л байна. Гэсэн хэдий ч дотроо бол чүдэнз зурвал хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн дарьтай торх шиг байгаа нь анзаарагдана. Хэзээнээсээ МАН дотроо чимээгүй алалцдаг. АН гадагшаа чимээтэй алалцдагаараа алдартай.
Нэг. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо хүний, өөрийн намтай нийлэн 2017 оноос эхлэн намынхаа эрхийг төрийн эрхтэй цуг авсан нь үнэн. Өмнө нь эл эрхийг атгаж байсан Хотын фракцыг нухчин дарж, ялахыг нь ялж, яллахыг нь яллаж, урвуулахыг нь урвуулж, элсүүлэхийг нь элсүүлж, үлдсэнийг нь үмхлэх хоолноос нь салгаж энэ хүрлээ. Гэхдээ хотын фракц огт байхгүй болчихсон гэсэн үг биш. Төрийн эрх барьж байсан фракц учраас тэдэнд хүний болон мөнгөний нөөц чамлахааргүй байгаа. Гэтэж буй бар шиг л хэзээ хөдлөхөө хүлээгээд боломжит цагийн анаж буйг мартаж болохгүй. Юу ч үгүй үлдсэн өлсгөлөн бар шиг аюултай зүйл үгүй. Чухам тэр цаг хэзээ вэ?
Хоёр. Том намын их ялалт байгуулсан үед зовлон нь бас л дагаад их. УИХ-аар бодох юм бол 62 суудалд суусан гишүүдийг гаргаж ирэхэд ажилласан мянга мянган хүмүүсийн гориллыг хангах зайлшгүй шаардлага бий. Гэтэл ийм хязгааргүй хэрэгцээ байхад нөгөө талд нь харин хязгаарлагдмал нөөц байна. Тиймээс намаар дүүрэн горьдогсод, горилогсод, гомдогсод, гологдогсод хаа сайгүй. Ядаж байхад үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн гэдэг ямар ч эрх мэдэлгүй сул шахуу хүн болчихсон байдаг. Хуучин эдэлдэг ихэнх эрх байхгүй болчихсон. Тухайлбал, Засгийн газар байгуулахад хүчтэй оролцдог эрхийг Ерөнхий сайд дангаараа мэддэг болчихсон тул түүнийг царайчлахаас өөрөөр өөрийн хүмүүсээ суудал ахиулж чадахаа байсан. Ямар сайндаа л “хоёр, гурван тэрбум төгрөг зараад шал дэмий их хурлын гишүүн боллоо” гэж халаглагсад ордноор дүүрэн. Эхнээсээ гишүүний суудлаа өгч унц ихтэй суудал руу зүтгэж байна. Тэгж чадаагүй нь, тэгж чадахгүй нь дараагийн аргыг хайж байна. Хүрэлсүхийг яаж зайлуулах вэ?
Гурав. Нэг хүний эрх мэдэл ихсэх тусам түүнийг томрохыг хажуугаас нь хараад суугсдад тэвчихийн аргагүй байгаа. Тэнэг л хүн биш бол эрх мэдлийг атгагч түүнийг мэдрэхгүй байна гэж бас үгүй. Тиймээс ч МАН-даа нэгдүгээр хүний хар сэр дээд цэгтээ хүрч, хавьтсан ойртсон болгоноо хардаж сууна. Өөртэй нь эн зэрэгцэх хүн болгоны толгойг цавчих гэж улайрч байна. Арга ч үгүй өөрөө яг энэ замаар гарч ирсэн учраас тэр. Ийм л шалтгаанаас болж Сумъяабазартай хүртэл нударга зөрүүлээд амжсан. Засгийн газрын шийдвэр Хотын шийдвэр хоёр байнга зөрөх боллоо. Харахад хачин ч харин цаана нь эвлэхийн аргагүй том хагархай байгаа хэрэг. Тиймээс Сумьяагаас өө хайгаад, хазайвал түлхэхэд бэлэн байна.
Дөрөв. Хүрэлсүхийн яаж зайлуулах вэ? Энэ асуулт гомдогсод, гологдогсод, горилогсод, горьдогсодын толгойд эргэлдэж байгаа. Эхний арга нам дотор хороо найруулж байгаад шууд авч хаях. Энэ тэгэхдээ бодоход амархан боловч хамгийн хэцүү, арга ядахад хамгийн сүүлчийн хэрэглэх арга. Дутуу албал өөрсдөө алуулах тул хамгийн аюултай. Номтойбаярыг хар л даа. Тиймээс магадгүй хамгийн сүүлд арга ядсан үед л хийнэ. Дамаан дамаан Хүрэлсүхийн нэр хүнд МАН-ыг чирж буй энэ үед бүүр ч бүтэшгүй санаа. Гэхдээ л ийм арга байгаа. Улс төрд энэ битгий зүйл хэрэгждэг. Хоёр дахь арга нь дэвшүүлэн зайлуулах энэ бол ойрын үед хамгийн бодитой хэрэгжих арга. Үүнд ч дээрх хүмүүс найдаж байна. Шууд хэлэх юм бол мань эрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх арга л даа. Хэрэв шахаж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихвэл Ерөнхийлөгч болсон ч, эс болсон ч түүнээс сална. Ийм сайхан боломж гэж хаана байх билээ. Үүнийг л хийх гэж бүгд улайрч байна. Энэ нь ч бүтнэ. Цагтаа Н.Энхбаярыг яг ингэж зайлуулж байлаа.
Тав. Эцэст нь нэг л зүйлийг хэлье.
“Хүрэлсүх” явах цаг боллоо хонгор минь.
Батжаргалын Бундхорол
1 сэтгэгдэл
Галзуу хүний өдрийн тэмдэглэл юм уу?