Олон нийтийн байр суурийг хүргэх зорилгоор бид иргэдээс “Өнөөдрийн байдлаар Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сайтан дээрээ олон нийтийн санал авч байгаа. Уг хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 “худал мэдээ тараах” заалтыг оруулж, хуулийн хариуцлагыг чангатгасан. Ингэснээр 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдол хамааралтай. Үүнд иргэн таны байр суурь ямар байна вэ?” гэх асуултыг асуусан юм.
Иргэн Г.Дамбадаржаа: Улс төрчид өөрсдийгөө хуулиараа хамгаалж иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж боомилох гэж байна
Мэдээж худал гүтгэлэг, доромжлол, нэр хүнд унагах зорилгоор зохион байгуулалттай мэдээ тараах нь буруу. Гэхдээ хуулийн хариуцлагыг чангатгаж байгаа нь буруу. Үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Иргэдийн хуулийн мэдлэг ямар түвшинд байгаа билээ. Сошиал сүлжээг ашиглаж байгаа хүмүүсийн, нас хүйс, боловсрол ямар түвшинд байгаа билээ. Аль аль талыг нь бодолцох ёстой. Шууд ингэж өндөр торгууль, ял тулгаж болохгүй.
Дэлхийд Фэйсбүүк, Твиттер гэх мэтээр маш олон цахим сүлжээ бий. Энэ нь дэлхий нийтийн сүлжээ бөгөөд хязгааргүй орон зай юм. Манайд хянаж, хяналтандаа байлгана гэдэг байх боломжгүй зүйл. Хянаж, шүүж, шийтгэнэ гэдэг бүүр утгагүй зүйл. Энэ хуулийн заалт, торгууль, шийтгэлийг иргэний хувьд улс төрийн зорилготой гэж харж байгаа. Аль ч улс оронд улс төрчид, тэдний гаргаж буй шийдвэр шүүмжлэл дагуулдаг. Зарим нь иргэдийн шүүмжлэлээс хамаарч шийдвэрээ өөрчилж, хариуцлага хүлээдэг. Харин манайд улс төрчид өөрсдийгөө хуулиараа хамгаалж иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж боомилох гэж байна гэж харж байгаа. Тиймээс энэ хуулийн заалтуудыг эрс эсэргүүцэж байгаа.
Иргэн Г.Ганхүү: Эсэргүүцэж байна.
Иргэн А.Саруул: Х.Нямбаатар сайд огцрох ёстой
Манай эрх мэдэлтнүүдийн үзэмжээр худал, үнэн шийдэгддэг нөхцөлд энэ хууль 1937 оныг сэргээх зорилготой гэж үзэж байна. Төр засаг гэтэл иргэдийг гүтгэсэн нөхцөлд өөрсдөө энэ ялаа үүрэх бил үү? Өнгөрсөн хугацаанд иргэний хөдөлгөөнийхнийг гүтгэх, нэр төрийг гутаах, хилсээр баривчлах явдлууд олон удаа гарч байлаа. Нэг нэгнийхээ эсрэг гүтгэлэг, худлаа мэдээллийг иргэд биш, харин албан тушаалтнууд л түгээж суудгийг бид хангалттай олон удаа, ялангуяа сонгуулийн өмнө харж байдаг. Иргэн хүн хэлбэл үнэн ч байсан гүтгэлэг, эрх мэдэлтний гар хөлүүд хэлбэл худлаа болж хувирдаг шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж байгаа бол энэ хуулийг өргөн барих гэж байгаа Х.Нямбаатар сайд огцрох ёстой. Фэйсбүүк дээр нийтлэгдэж байгаа тэр үгийн төлөө фэйсбүүийг шүүхэд өг тэгвэл. Гүтгэлэг гэдэг нь үнэндээ тухайн албан тушаалтныг таньдаг, холбоотой байсан этгээд түүний албан тушаалыг авахаар санаархсан, эсвэл өш хонзон авахыг хэлдэг юм байна. Бид Х.Нямбаатарыг танихгүй, түүний оронд сайд болох ч гэсэнгүй. Бид эх орныхоо төлөө санаа зовоод үзэл бодлоо л илэрхийлэх гэсний төлөө шроонд орох ёстой бол нэртэйгээр нь Хойд Солонгос болсноо зарлаад хилээ хаачих.
Иргэн Д.Чимэддамба: Хэрэв дээрхи хууль батлагдвал далд эдийн засаг сэргэж цэцэглэнэ
100% эсэргүүцнэ. Худал мэдээг оруулдаг хуурамч хаягуудаа хязгаарлах бодлогыг эхлээд баримтлах ёстой юм. Жишээ нь сошиалд өөрийн нэр зураг түүхтэй жинхэнэ хаягтай байна гэдэг юм уу? ХХЗХ ажилаа хийдэггүй ш дээ.
Мэдээжийн бэлээхэн илт хуурамч хаягуудаа ч устгаж чаддаггүй. Цагдаа чадлаараа ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ яг цахим хэрэгтэй тэмцэх түүнийг шалгаж нягталдаг цагдаа нар нь улсын хэмжээнд хэт цөөн байна. Мөн ямарваа нэгэн далд мэдээллийн тусламжтайгаар болзошгүй томоохон гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг боломж бас байдаг. Тэр хуурамч мэдээг шалгаад ухахад үнэн бодит нь ил гараад ирдэг. Жишээ нь жи тайм.
Хэрэв дээрхи хууль батлагдвал далд эдийн засаг сэргэж цэцэглэнэ. Худал мэдээлэл гэх зүйл нь нэг талдаа ингэж идэж уусан завшсан залилсан гэх мэтийг ил болгох суурь нь болж өгдөг юм шүү дээ…
Иргэн Ж.Энхбат: Хууль бус шийдвэр тогтоолыг олон нийтэд гаргаж болохгүй боллоо
Монгол Улсын Иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж, улс орон болон засаг төрийн увайгүй үйлдлийг олон нийтэд гаргах гэхээр болиулж, хорино, торгоно гэж хуулийн заалт орж байгааг эсэргүүцэж байна. Тэр тусмаа би цөөнхийн бүлгийн ажлын албаны хүний хувьд Нийслэлийн засаг даргын хууль бус шийдвэр тогтоолыг олон нийтэд гаргаж болохгүй боллоо.
Тухайлбал, миний хувьд нийслэлтэй холбоотой маш маш олон асуудлыг би иргэний журмаар цахим орчинд гаргасны эцэст хотын удирдлагын эргэж буцсан шийдвэрүүдийг болиулж байсан. Үүний нэг жишээ нь авто машин ашигласны татварыг тав дахин нэмсэн шийдвэрийг гурав хоногийн дотор хүчингүй болгуулж байлаа.
Тиймээс энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна.
Иргэн Б.Ууганжаргал:
Засгийн газраас Эрүүгийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байна. Гэвч хуулийн хариуцлагын талаарх заалтыг хараад өөрийн эрхгүй цочирдож бас иргэн хүнийхээ хувьд харамсаж байна.
Хувь хүний эрх, чөлөө хувийн орон зай руу хэтэрхий халдсан, Үндсэн хуулиа зөрчиж байгаа хуулийн төсөл гэж харж байна. Мөн цаашлаад Засгийн газар дөрөвдөгч засаглал болох хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна.
Энэ хэдэн албан тушаалтнууд өөрийн хийсэн хууль бус үйлдлээ хуулийн нэрийн дор нуун далдлах гэсэн хөгийн арга сэджээ гэж хэлж болохоор байна.
Хэрвээ тухайн албан тушаалтны буруутай үйлдлийг илчлэсэн сэтгүүлч болон иргэн өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлээд үнэн байсан ч худал гэж хууль хүчний байгууллагаар далайлгаад шоронд юм уу, төлж дийлэхгүй торгуульд унагаж, иргэдийн амыг үдэх ажиллагаагаа хуулийн нэрийн дор хийх гэж байгаа юм байна. Монгол Улсын Иргэн бүр энэ хуулийн заалтыг эсэргүүцэж байгаа гэж бодож байна.
Ер нь УИХ-д өргөн мэдүүлсэн болон батлагдаж байгаа хуулиудыг харахад эрх барьж байгаа намын дараагийн сонгуульд зориулагдаж байгаа илт харагддаг. Эсхүл хэн нэг албан тушаалтныг хамгаалсан эрх барьж байгаа хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн хууль болохоос яг хөрсөн дээр буугаад иргэдийн өдөр тутмын амьдрал, амьжиргаа дээшлүүлэх нэг ч хууль гарахгүй байгаа нь бас харамсмаар.
Иргэн Г.Чойцамц
Энэ хуулийн заалт бол байж болохгүй заалтаа. Яагаад гэхээр аливаа зүйлийн үнэн худлыг ганцхан шүүх л таслах эрхтэй байдаг. Тиймээс аливаа нэг мэдээллийг үнэн худлыг шүүхийн байдлаар тодорхой цаг хугацаа өнгөрч байж, тэр мэдээллийн үнэн худлыг баталдаг.
Гэтэл энэ хууль явснаараа ард иргэдийн үзэл бодлоо хэлэх аливаа юмыг хардаж сэрдэх , эрсдэлээс хамгаалж үгээ хэлэх энэ эрхийг хаачиж байгаа юм. Энэ эрхээ хаалгана гэхээр дараа нь тэр мэдээлэл үнэн байсан ч араас нь дуугараад ч хожимдсон байна гэж ойлгож байна. Тиймээс аливаа хэвлэл мэдээлэл , олон нийтийн хэрэгсэл, сошиал медиа гэдэг бол маш хүчтэй нөлөөлж төр засгийн буруу ташаа шийдвэрийг засаж залруулж явж байдаг ийм түүх бол байгаа.
Ийм хатуу хуулийн заалт оруулснаар иргэд үзэж бодлоо илэрхийлэхээс эмээж , мэдээллийн үнэн худлыг ойлгохгүй байсаар төр засгийнхаа шийдвэрт ямар ч оролцоогүй болно.
Өөрөөр хэлбэл ард иргэдийнхээ амыг хамхиж байгаатай адилхан хууль гэж бодож байна.
Мөн сошиал медиагаар худал мэдээллийг мэдээгүйгээсээ түгээж хохирогч болно. Энэ хуулийн заалтыг эргэж харах ёстой л гэж үзэж байна. Хэтэрхий өндөр, хатуу харгис шийтгэл оноогдуулхуйц байдалтай байна. Мэдээж үнэн худал мэдээллийг иргэд ялгаж салгаж бусдад түгээж үзэл бодлоо илэрхийлэх боловч энэ олон мэдээллийн урсгал дотор үнэнг худлаас нь ялгахгүй байгаа магадгүй муу санаат хүмүүсийн явуулгаар үнэн юм шиг худал мэдээллийг олон нийтэд далд хэлбэрээр түгээх тэрийг иргэд цааш нь түгээж гэм буруутан болох ийм эрсдэл үүсэж байна.Энэ хуулийн заалтыг дэмжиж болохгүй эсэргүүцэх ёстой гэж бодож байна.