Хүннүгийн үеийн Ноён уулын зээгт ширмэл эсгий ширдэг.
Түүх. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үе бол одоогоор Монголчуудын ширдэгний хээ чимэглэл, ур хийцийн уламжлалын эхлэл болох ба Ноён уулын (НТӨ III зуун – НТ I зуун) археологийн гайхамшигт олдворууд түүхэн баримт болдог. Ноён уулын зээгт ширмэл ширдгүүд нь өнөөгийн байдлаар эсгий ширдэгний хамгийн эртний олдворуудын нэг юм.
Хүннү хивсийг урласан өндөр ур чадвараас харахад Төв Азийн эсгий ширдэгний урлаг хүннүгээс хавьгүй өмнөх үед үүссэн байх магадлалтай тухай олон эрдэмтэд онцолсон байдаг. Монгол улсын Ардын зураач, доктор Н.Цүлтэм, олон зуун жилийн туршид хуримтлагдах ур дүйн үр дүнд л ийм өндөр түвшинд хүрч болох юм хэмээн тэмдэглэжээ.
Ноён уулын зээгт ширмэл эсгий ширдэг нь хэрэглээний эдлэл төдийгүй өндөр түвшний урлагийн бүтээл мөн билээ. Өндөр түвшний ур хийц бүхий энэхүү хивс нь өдөр тутмын хэрэглээнээс гадна ихэс дээдсийн онгон, бунханд зориулагдсан байж болох юм. Энэ ширдэг нүүдэлчдийн түүхийг илтгэхийн зэрэгцээ хүннүчүүдийн соёл, шүтлэг бишрэл, урлаг, ёс заншил, ертөнцийг үзэл зэрэг мэдээллийг агуулсан шинжлэх ухааны үнэт судлагдахуун юм.
Хүннүгийн Их Эзэнт улсын задрал, ард түмнүүдийн их нүүдэл нь Евразийн урлаг, соёлд мөн их хөдөлгөөнийг үүсгэж нөлөөгөө үзүүлсэн нь дамжиггүй биз ээ.
ОХУ-ын эрдэмтэн Е.Г.Царева [Царева, 2001:226-265] болон монгол нутгаас илэрч буй археологийн дурсгалуудын баримтанд тулгуурлан [Руденко, 1962], [Полосьмак, 2009], [Цэвээндорж, Н.Эрдэнэ-Очир, 2014] дүгнэхэд өнөөгийн монгол орны нутаг нь эсгий урлал түүн дундаа эсгий ширдэг хивсний урлал үүссэн голомт нутгийн нэг мөн бөгөөд энэ голомт газраас хүннүгийн их нүүдлийг даган хивсний урлал, түүний хэрэглээ тархсан байх боломжтой юм [Батсайхан, 2013]. Хүннүчүүд өрнө дахинд “тэнгэрийн ташуур” мэт дуурсагдах цэрэг дайны үйл явдлаар түүхэнд үлдсэн хэдий боловч өөрийн онцлог соёл, урлагтай байсныхаа хувьд тэдэнд зарим нэг дэвшилт хэрэглээг нэвтрүүлж чадсан юм. Дунай мөрний сав газар дахь Атилла хааны орд өргөөнд зочилж байсан Византийн дипломатич Приск Панийский нь хааны өргөөнд ноосон хивс дэвссэн байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Чухам ямар төрлийн хивс байсан нь тодорхойгүй боловч тэр үед хивсний тухай ойлголтгүй байсан европчуудад хивс хэмээх шинэ хэрэглээ нэвтрэхээс өмнөх шахам мэдээлэл болж байна. Европчууд дундад зууны үед дорно дахинаас хивсний хэрэглээг авсан байдаг.
Хүннүгийн зээгт ширмэл ширдэгний мэдээллээс хойшхи хугацааны Төв Азийн нүүдэлчин ард түмний эсгий ширдэгний өөр нэгэн сонирхолтой дурсгал бол Японы Сёсион сан хөмрөгт хадгалагдаж буй VII-Х зуунд хамаарах гоёмсог өнгө, төрх бүхий эсгий ширдэгнүүд юм. Эдгээр ширдэг хивсүүдийг Будда бурхны хөшөөний нээлтэнд зориулж тухайн үеийн Тан улсын хаанаас бэлэглэсэн хэмээн үздэг боловч сүүлийн үед, ялангуяа америкийн Томас Көүл зэрэг судлаачид тэр үед хятадууд торгон эдлэлээ эрхэмлэн үзэж ноосоор эд зүйл хийж байгаагүй, тэр тусмаа эсгий хэрэглэж байгаагүй учир эдгээр нь умардын нүүдэлчдийн хийц байх нь илүү магадлалтай гэж үздэг. Мөн зарим судлаачид гэрийн эсгий үүдний зориулалттай байж болох тухай ч тэмдэглэсэн байна. Л.Гумилев “Эртний Түрэгүүд” номондоо бичихдээ нүүдэлчдийн хувцас дээл Хятадын Тан (618 – 907 он) улсын үед тэдний энгийн хэрэглээ болж байсан тухай дурьдаад ялангуяа өвлийн улиралд гэр сууц хятадуудад илүү их таалагдаж байжээ гэсэн байдаг. Эсгий гэр VII зууны үеийн хятад байшингаас илүү боловсронгуйд тооцогдож байжээ.
Эсгий ширдэгтэй холбоотой эртний дурсгалын хамгийн сүүлийн мэдээ Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялааны хадны оршуулгаас илэрсэн Х зууны үед холбогдох улаан хээтэй, хээн дүрсийг нь хамт эсгийрүүлж үйлдсэн нимгэвтэр эсгий олдвор юм. Энэ олдвор хэдий бүрэн бүтнээрээ хадгалагдаж чадаагүй ч хэд хэд тасарсан үлдэгдлүүдээс ерөнхий хэмжээ, хээн дүрс, зориулалт зэргийг ерөнхийлөн таамаглаж бүрэн хэмжээнд биш ч хангалттай түвшинд нэхэн тодорхойлох боломж байгаа хэмээн үзэж болно. Нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа хэдий ч урьдчилсан байдлаар таамаглан төсөөлөхөд дэвсгэрийн зориулалтай эд байсан байх боломжтой юм.
Соёл. Монголчуудын ширдэг хивсний урлагийн түүх нэн эртний уламжлалтай болохыг “Түүх” хэсэгт дурьдсан билээ. Эрт үеийн гайхамшигт хийц бүхий ширдэг нь зөвхөн хэрэглээний эд, урлагийн бүтээл төдийгүй соёлын том илэрхийлэл байжээ. Хүннүгийн үеийн Ноён уулын зээгт эсгий ширмэл ширдэг нь хоёр мянга гаруй жилийн өмнөх ард түмний ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, бэлгэдлийг өөртөө тээн ирсэн хосгүй дурсгал юм.
Хүннүгийн ширдэг хивсний талаар С.И.Руденко, Н.Цүлтэм, Л.Батчулуун, Ч.Сонгино, Д.Цэвээндорж, Ц.Батсайхан нарын олон эрдэмтэд өөрсдийн дүгнэлт, тодорхойлолтыг гаргасан байдаг.
Одоогоор илрээд буй археологийн олдворын баримтад тулгуурлан хүннүчүүдийн ширдэг, хивсийг зориулалтаар нь тахил бунхны, ханын, шалны хэмээн ангилж үзэж болох юм.
Эртний ширдэг хивсүүд нь тодорхой хэмжээнд онго шүтлэгийн агуулгатай байсан ба хүннү ширдэгний зураг дүрслэл бүхэлдээ тэнгэр, газар дээрхи амьдралыг бэлгэдсэн тухай судлаачид дурьдсан байдаг.
Ноён уулын зээгт эсгий ширмэл ширдэгний хөвөө хэсэг дэхь дүрслэл нь нэг талаас араатан амьтад (домгийн амьтад) нөгөө талаас салаа туурайтан амьтдыг дүрсэлсэн байдаг. Эдгээр дүрслэлийг С.И.Руденко Өмнөд Азиас Алтайн соёлоор дамжин уламжлагдсан хэмээн үзэж, Н.Цүлтэм тэр үеийн овог аймгуудын тэмцэл, тулааныг харуулсан гэсэн дүгнэлтийг тус тус хийсэн байдаг бол арга, билгийн ухааныг нүүдэлчид амьтны загварт урлагийн хэлбэрээр харуулсан хэмээх сонирхолтой дүгнэлтийг Ц.Батсайхан хийсэн байна.
Ширдэгний өр хээн дэхь зээг дарж оёсон дүрсийг С.И.Руденко шургин (спираль) хээ, Н.Цүлтэм эвэр хээ, Ч.Сонгино үүлэн хээ, Л.Батчулуун “төөрөг муруй буюу мушгиа эргэлгээ” хэмээн тус тус тодорхойлсон бол Ц.Батсайхан эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, тамга дүрс, ширдэгний хээний хожуу үеийн хөгжлийн хувьсал, бэлгэдэлд тулгуурлан байгалийн үзэгдэл, усыг илэрхийлсэн байж болох таамналыг хийсэн байна.
Урлаг. Хүннүгийн үе бол амьтны дүрт урлаг (animal style) ид хөгжиж байсан цаг хугацаа юм. Эртний үеийн хэрэглээний урлагт домгийн агуулгат дүрслэлийг амьтны загварт урлагийн ур хийцээр илэрхийлэн хэрэглэж байсан нь хивсний урлагт мөн илэрлээ олжээ. Хүннүгийн үед хамаарах урлагийн ур маяг нь эрч хүч, догшин авирт дүрслэлээр ялгарч араатан амьтдын тэмцэлдээнт зохиомж дэлгэрсэн байхын зэрэгцээ байгалийн бодит хэлбэр дүрсийг шаардлагатай загварт чадамгай хээжүүлэн оруулсан байдаг.
Хүннүгийн хэд хэдэн булшнаас гарсан олдвороос дүгнэн харахад (Ноён-Уулын I; VI; XX; XV; XXXI булшны олдворууд, Гол модны I булш) Хүннүгийн төрт улсад ширдэг урлах тогтсон дэг хийц үйлчилж, үйлдвэрлэлийн шинжийг агуулж байсан байж болохоор байна.
Хүннү ур загвар (стиль)-ийн ширдэгний зураас, толбон шийдэл бүхий дүрслэлийн хийц чимэглэл манай эриний зааг үед бүрэлдэн бий болсон бололтой. Ширдэгний өр хээнд хуйларч эргэлдсэн хээн дүрсээр байгалийн их хүчийг бэлгэдэн харуулсан бол хөвөө хээнд тэр цаг үеийн дүрсийн гайхамшигт илэрхийлэл, базгалдан тэмцэлдэж буй амьтдыг зураас болон толбон шийдлийн зурлагаар дүрсэлж, нүүдэлчин түмний язгуурын нэгэн урлаг болох “зээгт урлаг”-аар уран нарийн үйлдэн бүтээжээ.
Монголчуудын эсгий, даавуу, торгон урлалд “зээг” тавих арга маш чухал үүрэг, ач холбогдолтой бөгөөд үүнээсээ улбаалан дүрслэлийн шийдэл нь өөрийн онцлогийг хадгалж байдаг. Зээглэх арга нь дүрслэлийг хүрээлбэр маягаар дарж оёдог томсон утас юм. Зээгт урлагийн хамгийн эртний жишээ нь хүннүгийн ширдэг байсан бол 2012 онд Алтайн Олон гүүрийн голын 1-р булшнаас илэрсэн зээгт малгай, саадагны олдвор Төв Азийн нүүдэлчдийн энэ урлагийн цаг хугацаа, түүхийг улам урагшлуулан баяжуулсан. Зээгийг бүдүүн, нарийн болон төрөл бүрийн түүхий эдээр олон арга технологиор хийж болдог.
Энэ үед хивсний сонгодог хэлбэрийн зохиомжийн тогтсон дүрэм аль хэдийн үйлчилж эхэлсэн байна. Энэ бол өр хээ, түүнийг тойрсон хөвөө хээнээс бүрдэх тэгш өнцөгт хэлбэрийн хивсний урлагийн сонгодог зохиомж билээ.
Өнөөгийн байдлаар Ноён уулын зээгт ширмэл ширдэг нь “амьтны загварт урлаг”-ийг эртний хивсний урлагт төлөөлж буй цорын ганц дурсгал билээ.
Технологи. Эртний үеийн ширдэг, хивсний судалгааны үндсэн эх сурвалж нь археологийн олдвор, материалууд болох ба бичгийн эх сурвалж ховор тохиолдож байна.
Ширдэг, хивсний хувьд хоёр мянган гаруй жил гэдэг нэн урт хугацаа, насжилт юм. Манай орны байгалийн онцлог, мөнх цэвдгийн “ач буян”-аар хосгүй гайхамшигт олдвор 2000 гаруй жил хадгалагдан үлджээ. Тэр үеийн ширдэг нь эсгийгээр үйлдэгдэн, даавуугаар өнгөлөгдөж зээгт урлалын аргаар хээн дүрсээ илэрхийлэн, бод малын шөрмөс болон хялгасаар томж ээрсэн утсаар ширж оёсон байдаг. Хүннүгийн үеийн ширдэгний технологийн судалгааг ширдгийг хийсэн түүхий эд, материалын бүтэц болон тэдгээрийг чимэглэх аргын талаар гэсэн ангиллаар хийж болно. Ноён уулын ширдэгний технологийн судалгааг оросын эрдэмтэн А.А.Воскресенский, Н.П.Тихонов нар хийсэн байна.
Хүннүгийн ширдгэнд бараан өнгийн бүдүүн ширхэгт ноосыг ихэвчлэн ашигласан байдаг. Харин нарийн ноосоор малгай, хувцас, гутал хийдэг байсан бололтой. Эсгий болон бусад ноосон эдлэлээс харахад хүннүчүүд бүдүүн ноост хонь үржүүлэхийн зэрэгцээ ноолуурлаг, ширхэгтийнх нь голч 10 микрон хүртэлхи маш нарийн ноост хонийг үржүүлж байсан байна [Руденко, 1962:56].
Ноён уулын I; VI; XX; XXV; XXXI, Гол модны I булшнуудын олдвороос дүгнэн харахад Хүннүгийн төрт улсад ширдэг урлах тогтсон дэг хийц үйлчилж, үйлдвэрлэлийн шинжийг агуулж байсан байж болохоор байна.
Ноён уулын ширдэгний өр хэсэг дэх эрчлэн хуйлрах давтамжтай дүрс нь усны эргүүлгийг бэлгэдсэн [Батсайхан, 2013] байх боломжтой бөгөөд түүнийг дүрсэлсэн 12 эрчтэй ноосон зээгийг ширдэгний эсгийнд шөрмөсөн утсаар дарж оёхдоо даавуу, эсгийг давхар нэвт хатган ширдэгний ард зөв мөр дүрсийг үүсгэн оёжээ. Сайн ширмэл араараа танигддаг хэмээх зарчмыг тэртээ хүннүгийн үеэс баримталдаг байсан байж болох юм.
Ширдэгний хөвөөг давхар эрчтэй ноосон утсаар хошуу дөрвөлжин үүсгэн ширжээ. Хөвөө хэсэг дэх амьтдын дүрсийг нимгэн эсгийгээр хайчлан зээгээр дарж оёсон байна. Мөн амьтдын дүрсийг өнөө үед “сохор ширээс” хэмээн нэрлэдэг маш нарийн ширээсээр ширсэн байдаг.
Хөвөө болон өр хэсгийн хоорондхи туузыг булцуу, дөрвөлжин, чагтан дүрсүүдээр мөн зээглэн оёжээ. Энэ оёдлыг ухрааж хатган оёсон байна.
Хүннүгийн зээгт ширмэл эсгий ширдэг нь ур чадварын өндөр зэрэглэлд хийгдсэн бөгөөд түүний дараахи түүхэн үеүдэд ийм нарийн, өндөр ур чадварыг харуулсан ширдэг одоогоор хийгдээгүй байна.