Ямар олон боловсон Загдаатай болчихов оо…
Соёлын дэд сайд гуай хамгийн үнэтэй PR-чинтайгаа нийлээд 13 хоногийн өмнө нэг сан үүсгэжээ.
Хүүхдийн төлөө фонд төрийн бус байгууллага гэдэг хөөрхөн нэртэй юм. Хүүхдийн нэрээр хөлтэйг нь хөлхүүлж, хөлгүйг нь мөлхүүлж байгаад тэрбумаар нь мөнгө хурааж, тэтгэврийн хөгшнөөс эхлээд тэргэнцэртэй иргэд маань ч хоёр нүдний нулимсаа дуслуулж, хоногийн хоолоо хагаслан тав арван цаасаа татаас болгон өглөө. Энэ ТББ-ыг төлөөлж байгаа таван хүн тайланг нь тавих юм уу, Соёлын яам нь мөнгөний зарцуулалтаа тайлагнах юм уу, ойлгочихмоор байх юм. Тэрбумын тайз зассан, нүүр будагт зарцуулсан энэ тэр гээд элгээрээ мөлхөөд элдвийн тайлан тавиад тээглээд хэвтчих вий дээ.
За тэгээд иргэд маань төрийн дансанд мөнгө хийгээд байгаа юм уу, ТББ-ын дансанд, тэр тусмаа иргэн М. Батбаяр, херо Б. Баатар, Х.Дамдинсүрэн… нарын таван хүний эзэмшдэг байгууллагад мөнгө өгөөд байна уу гэдгээ мэдэж л байдаг байгаа даа. Засгийн газар Хүүхдийн төлөө сан гэж байгуулж байна гэсэн. Энэ хэд маань Хүүхдийн төлөө фонд болоод явчихлаа.
Хэн нь хэнийхээ урдуур гүйгээд хэдэн төгрөг хамаад явчихав аа, тайлбарлаад өгөөч ээ. Эсвэл нөгөө Засгийн газраас санаачилсан хүүхдэд хаягласан 10 тэрбум төгрөг бас энэ таван хүний нэр дээр бүртгэлтэй ТББ-ын дансанд харайгаад орчих юм уу, үгүй байлтай юм аа. Яг энэ шоудаж буй мөчид хотын захад хэдэн хүүхэд хүйтэн гэрт, хөлдүү байшинд чичирч суугааг хэн ч мэдэхгүй.
Бяцхан иргэдийн амьдрах орчин, сурч хөгжих эрх бүх талаараа зөрчигддөг энэ улс оронд хүүхдийн нэрээр хандив цуглуулж, хажуугаар нь улс төр хийх нь л дутаж гэнэ. Хуучин нийгмээ санагалзсан хуурмаг шоу амжуулаад шахчихна аа, бас. Нэртэйгээр нь бүгдэд нь хуарангийн яг адилхан хувцас өмсгөөд, адилхан үг хэлүүлээд суулгачихгүй дээ…социалист нийгмийн эс ширхэг бүрийг нандигнан хамгаалж гээд хэн ч цээжилчихнэ шдээ. Хамаг юмыг нь хамж хураагаад хөөгөөд явуулсан өвгөн удирдагчийн өөриймсөг гэргийн сэтгэлийн хаялгыг ч сэмэртэл ашиглаж байх юм. Загдаа ахыг зандраад ачуулсан, ард нь ямар олон боловсон Загдаатай болчихов доо.
Нөгөөх нь гэр хороололд гар утсаараа лайвдаад хэрэндээ амьдраад байсан, энэ хэд маань улс даяар 13 телевизээр шууд лайвдаад аргагүй л хүчээр түрж байна даа. Ууртай, учиргүй их хараал хэлдэг Загдааг уруулаа будаж, соёлтой царайлж, камер барьж, хөөрхөн инээсэн Загдаа нараар солиод юу өөрчлөгдөх юм бол доо, бурхан минь гэж…
Эмүжин