Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр “Өрх бүрт нэг сая төгрөг олгох” санаачлага гаргаж буйгаа ард иргэддээ албан ёсоор мэдэгдсэн. Коронавируст “Ковид-19” цар тахлаас үүдэн сүүлийн жил гаруй хугацаанд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, өнгөрсөн намраас эхлэн хатуу хөл хорионы дэглэмийг ойр ойрхон тогтоож буй.
Энэ нь тэртээ тэргүй өр зээлэндээ баригдаж, ядарч туйлдсан ард иргэдийн нуруун дээр ачаа дарамт нэмснээр улс орны эдийн засаг ч эргэж сэхэх эсэх нь тодорхойгүй байдлаар уруудан доройтож явна. Хувиараа бизнес эрхлэгчид ч өдөрт хэдэн арваараа дампуурч, өр зээл тавин байж босгосон олон арван ажил нь нуран унасныг ч нуугаагүй.
Өмнө нь талхаа таллаж, ургамлын тосоо граммаар нь худалдаж авдаг өлмөн зэлмүүхэн амьдрал зөвхөн хотын алслагдсан дүүргүүдэд байдаг мэтээр сэтгэж ирсэн ихэнх хүмүүсийн хувьд, өнөөдөр өөрсдөө ч ажил орлогогүй болоход хүрч ихээр бухимдаж яваа нь үнэн. Өдрийн хоолоо залгуулж явсан дундаж давхаргынхан бүсээ чангалсаар эхнээсээ сөхөрч байгаа жишээ ойрхон бий.
Угтаа бол цар тахлаар далимдуулан сүрийг үзүүлж, өөрсдийн бизнесээ дэмжсэн бодлого баримталж буй эрх баригч намын хувьд ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл энэ байдлаа хадгалж үлдэх нь туйлын чухал юм.
Тиймээс л цар тахлаар чангалсан хатуу хөл хорионы дэглэмд энэ хүртэл тэсч ирсэн ард иргэдийнхээ ахуй амьдралд нэмэр болохуйц санаачлага гарган, зарлигийн төслөө Засгийн газарт өргөн барьсан ч эрх баригч намынхан хүлээж аваагүй.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө хатуу хөл хорионы дэглэмийг дахин сунгаж ч болзошгүй энэ эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдийн хөрөнгийг гадны улс орнуудаас оруулж ирснээ дуулгаж, түүнээсээ “Өрх бүрт нэг сая төгрөг олгох” санаачлагаа дахин дуулгасан билээ.
Үүнтэй зэрэгцээд улс төрийн эрх баригчид, тэдний гар хөл болсон дэмжигчид уулга алдан дайрч, Сангийн сайдаасаа өгсүүлээд “Оффшорчдийн хөрөнгийг оруулж ирээгүй. Хэрэв орж ирсэн бол оффшорчдийн хөрөнгө мөнгө шүүхээр шийдэгдсэн байх ёстой” гэх мэтчилэн ард иргэдийн тархийг угааж эхэллээ.
Бүхэл бүтэн улсын тэргүүн нь оффшорчдийн хөрөнгийг оруулж ирсэн тухай албан ёсоор мэдэгдэж байхад зүгээр нэг айлын авгайчуулын хов жив мэт үгүйсгэн, муйхарлах нь хэнд ашигтай вэ. Магадгүй тэдэнд “Өрх бүрт олгох нэг сая төгрөг”-өөс илүүтэй өөрсдийнх нь холбоо сүлбээтэй оффшорчдийн нэр сүр, хөрөнгө мөнгө л чухал гэдгийг харуулчихлаа.
Чухам хэн, хэний ил далд идэж завшсан, хулгайлж нуусан, гадагш нь зувчуулсан хөрөнгө мөнгө орж ирчихээд байгааг ард түмэнд зарлахаас өөр гарцаагүй байдалд орно гэсэндээ ингэтлээ чичирнэ вэ.
Хэт нэг талыг барьж, хэцүүдэж яваа иргэдээ айлгаж дарамтлахаас өөр арга барил эрх баригчдад алга гэдгийг хэн хүнгүй л харж байгаа байх.