Жагсаал цуглааныг хэн, ямар зорилгоор хийдэг вэ?- Өнөөдөр та бид эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа боловч энэ эрх чөлөөгөө буруугаар ашиглаж, ардчиллын үнэ цэнийг бууруулах явдал манай нийгэмд түгээмэл болсон. Нийгмиийн тулгамдсан асуудал нэрийдлээр иргэдийн санаа бодол, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж, энэ нь улмаар бослого тэмцэлд уриалан дуудсан, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан шинжтэй болж хувираад байна. Харин ийм байдал үүсгэгчдийн хэтийн зорилго юу?, Түүний цаана хэн байгаа вэ, Үр дүн юунд хүрэх вэ гэсэн хэд, хэдэн асуулт гарч ирж байна. Үүнийг Монгол орны байгалийн байгалийн баялаг, орчин нөхцлийг хамгаалах, шударга тогтолцоог төр засаг, улс төрчдөөс шаардсан утгатай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас хариултыг эрсэн нь зөв байх гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын эрх орноо, хойч үеээ гэсэн бодлын хэтийн зорилго зөв боловч, төрөлхийн энэ тэмцэгч чанараа буруу аргаар илэрхийлж, жагсаал цуглааны хэлбэрээр төр засгийнхаа эсрэг, бусдыг бухимдалд хүргэх замыг сонгож байгаа нь харамсалтай. Ер нь аливаа асуудлыг олны анхааралд аваачиж, шийдэх ёстой гэсэн буруу хандлага манай нийгэмд тогтчихож. Үүнийг гудамжинд жагсч, тэмцэхээс өөрөөр шийдэх олон арга замыг хайх хэрэгтэй. Тайван замаар асуудлыг шийдэх нь олон нийтийн бухимдлаас сэргийлэх гол хүчин зүйл болох юм. Манайд олон нийтийг хамарсан жагсаал цуглаанууд нь цаанаа хэн нэгний ашиг хонжоо хайсан, захиалгат үйл ажиллагаа болж хувирсан. Шуудхан хэлэхэд улстөрчдийн бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг шантаажилж, эсэргүүцдэг арга хэлбэр боллоо. Тэр хэрээр ард түмний нэр барьсан ашгийн төлөөх төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд ч олширлоо. Сүүлдээ УИХ, Засгийн газрыг хүртэл тараана гэж хөөрцөглөдөг болсон нь хэн нэгний явуулга, түүний цаана ямар нэгэн эрх ашиг байгааг илтгэж байна. Энэ нь төр, засгийг огцруулна хэмээн эсэргүүцэгч, тэмцэгчид ард түмний сонголтыг уландаа гишгэн, бусдад тулган шаардаж байна. Ингэснээрээ тэд шантаажилсан нөхөдтэй тохиролцоонд хүрж, тэдний жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээний зорилго нь өөрчлөгдөж, сүүлдээ бизнесийн хэлбэрт шилжсэн байдалтай болоод байна. Энэ нь утааны эсрэг тэмцэгчийн талаар олонд цацагдсан мэдээгээр батлагдах болсон. Мөн үндсэрхэг үзэлтэй хэдэн бүлэг, хөдөлгөөнүүдийн гишүүд бусдыг дарамтлах, сүрдүүлэх, танхайрах гэмт хэрэгт үйлдэхээс гадна “Үндэсний үзэл” гэсэн нэрийн дор жагсагчидтай нэгдэн хэн нэгнийг төлөөлж, эрх ашиг хайсан байдалтай хамтран ажиллах болоод байна.