Монгол Улсын ихэнх нутгаар хүйтэрч, зундаа гантай байсан аймгуудын сумуудад өвөлжилт ихээхэн хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг шалтгаанаар байгалийн зэрлэг амьтад өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл тулгарч байгаа юм. Иймд Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Залуучуудын зөвлөл”-ийн залуус нэгдэж, Чандмань, Эрдэнэ хайрханыхаа янгир ямаанд өвс тавьж өгөхөөр аяныг эхлүүлээд байна. Говь-Алтайн Чандмань сумын уугуул суугуул иргэд “ХОВОР АМЬТДАА ХАМГААЛЪЯ” гэдэг уриатай хандивын аян доор нэгдэж Чандмань болон Эрдэнэ ууландаа зэрлэг амьтдад өвс хужир тавьж өглөө.
“Ховор амьтдаа хамгаалъя” хандивын аяны ахлагч, Чандмань сумын Засаг дарга Ч.Эрдэнэ-Очир “Чандмань, Эрдэнэ хайрханы зэрлэг амьтдад өвс, хужир тавих ажлыг хийж эхэллээ. Энэ ажилд ЗДТГ, сумын залуучуудын холбооны залуус оролцож 2 хэсэгт хуваагдан ажиласан. Нэгдүгээр хэсэг ууланд өвс, хужир тараах, хоёрдугаар хэсэг сумын төвд өвс буулгаж, агуулахад хураах ажлыг хариуцаж ажиллалаа. Чандмань уулын орой орчмоор 7 хэсэг газарт 25 боодол өвс, 400-н кг хужир тавьсан. Мөн нэг газарт нь төслөөс өгөгдсөн хөдөлгөөн мэдрэгч камерийг байршууллаа.
Түүнээс гадна, Эрдэнэ хайрхан уулын аргаль, янгирт өвс тавьж өгөх ажлаар явлаа. Цас ихтэй хүйтэн байлаа. 5 хэсэг 31 аргаль 4 угалзтай, 2 хэсэг 13 янгир ямаанд нэлээд дөхөж очлоо. Манай хамтрагч нар чамгүй хол газар өвс үүрч зөөж, тарааж ажиллалаа. Ачааны машин явахааргүй байна. Нутгийн УБ хот дахь Залуучуудын зөвлөлийн санаачилсан Ховор амьтдаа хамгаалах аянд нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн ярилаа.
Дашрамд дурьдахад, энэхүү хандивын аяныг “ЧАНДМАНЬ СУМЫН УУЛ УС ГАЗАР НУТАГ” фэйсбүүк грүпп, УБ хот дахь Залуучуудын зөвлөлийн залуучууд санаачлан нэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлүүлж, цугларсан бүх мөнгийг зэрлэг амьтдад идэш тэжээл хүргэхэд зориулах юм. Уул ус нутаг шүтээнтэй сайхан сэтгэлт Чандманьчууд та бүхэндээ талархал илэрхийлье.