Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн аймаг, суманд ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болж өнгөрөв. Үр дүнд нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиас бусдад нь МАН ялалт байгуулсан юм.
Харин Сүхбаатар аймагт МАН яагаад ялагдал хүлээв гэдэг анхаарал татаж буй. Уг нь аль ч нам ялж, ялагдаж болно. Гагцхүү МАН-ыг дотоод талцал нь унагаад буйн дахин нэг жишээг Сүхбаатар аймагт болсон нөхөн сонгууль харуулсан гэж хэлж болно.
Үүний өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал болж, Нийслэлийн МАН-ын даргыг жинхлэх тухай асуудал хэлэлцсэн. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс нь жинхлүүлэхээр санал нэгдээд байв. Нийслэлийн ажил, нийслэлийн МАН-ын ажил нэг гарт байх нь аль ч талаас нь авч үзсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгйин оновчтой шийдэл байсан.
Гэвч УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг дотор нь талцуулан, элдэв ятгалга, ухуулга хийж байж гуравхан саналын зөрүүгээр Нийслэлийн МАН-ын дарга болсон. Тэглээ гээд юу хожив? УИХ-ын эрхэм гишүүн хийгээд сайд Д.Сумъяабазар гурван давхар зузаан дээлээ дааж чадаж байна уу?
Эрхэм гишүүний бараа сонгогдсон тойрогтоо сураггүй, өвлийн дохио өгч, ид хадлан, тариалангийн ажил ундарч буй үеэр бензин шатахууны үнэ суга өсчихлөө. Дээр нь Нийслэл хотын ажил, амьдралтай салшгүй холбоотой, МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг Нийслэлд хэрэгжүүлэх гол хөдөлгүүр болсон МАН-ын хороог нь шунасаар байж авчихаад таг зогсоолоо. УИХ-ын 2020 оны сонгуулийн чимээ дөтөлсөн энэ үед Нийслэлийн МАН-ын хорооны “мотор унтарч” байгаа нь лав л сайны дохио биш. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрсөн Улаанбаатар хотод МАН-ын гишүүдийн ч мөн л тэн хагас нь оршин сууж буй. Ийм их хүчийг нэгтгэсэн, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил, дэвшилд томоохон нөлөө үзүүлэх том байгууллагыг шуналдаа хөтлөгдөн гартаа авсан Д.Сумъяабазар сайд тойргоо тордож, хариуцсан салбараа хөгжүүлж барахгүй байгаатайгаа нэгэн адил намын ажлаа ч алдаж асгаж тун магадгүй боллоо.
УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэл хотын сонгогчдын саналыг тавиад туучихвал орон нутагт мянгантаа ялаад ч нэмэргүй нь ойлгомжтой.
Үүнтэй агаар нэг үйл явдал Сүхбаатар аймагт болсны уршгаар 2020 оны сонгуулийн өмнөх нэг ёсны тандалт сунгааны нэг тойрогт МАН бүдэрлээ.
Мордохын хазгай гэгчээр энэхүү нөхөн сонгуулийн өмнөхөн яг Нийслэлийн МАН-ын даргыг сонгох үеэр гарсан шиг будилаан Сүхбаатар аймгийн МАН-д үүссэн байдаг. Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргыг сонгох Бага хурлын үеэр тус аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн МАН-ын даргад нэр дэвшээд байсан ч Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нийслэлд Д.Сумъяабазар гишүүний хэрэглэсэн шиг муу аргаар аймгийн МАН-ын хороог гартаа оруулсан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амарбаясгалангийн нөлөө ч үүнд байсан гэж дуулддаг.
Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжиж байсан боловч Ш.Лхамсүрэн гишүүдийг талцуулан ятгаж, заримд нь мөнгө тарааж, архи дарс хүртээж элдэв арга хэрэглэсээр аймгийн МАН-ын дарга болжээ. Гишүүдээ архидуулсны балгаар Эрдэнэцагаан сумын нэгэн багийн Засаг дарга нас барсан гэсэн мэдээ ч тухайн үед гарч байсан. Мөнөөх Ш.Лхамсүрэн нь өнгөрсөн хавар хурдан морины “Дүнжингарав” наадмыг будилаантуулж байсан, ер нь хар хор найруулахдаа гаршсан нэгэн гэдэг.
Сая болсон нөхөн сонгуулиар аймгийн МАН ын дарга Ш.Лхамсүрэн ухуулагчийн үнэмлэхгүй атлаа айлуудаар явж ухуулга хийсэн, зөвшөөрөлгүй машиныг сонгуульд ашигласан гэх дуулиан сонгуулийн босгон дээр дэгдсэн юм. Мөн МАН-ын сонгуулийн ажилтан н.Сүхчулуун иргэдэд мөнгө тараасан “хэрэг”-т унасан нь муу дээр муухайн үлгэр мэт болж нэр дэвшигчээ унагахад “нэмэр” болжээ.
Шуналдаа хөтлөгдөн намаа дотор нь хагалж аймгийн МАН-ын даргын эрх мэдэлд хүрсэн Ш.Лхамсүрэн дарга харин одоо нөхөн сонгуульд намаа ялагдуулчихаад сууж байна. Үр дүнд нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан АН-ын гишүүн Ж.Батсуурь нөхөн сонгуульд 70,9 хувийн саналаар ялалт байгуулж, МАН-ын нэр дэвшигч өвдөг шорооджээ.
Балаг үүгээр дуусахгүй. Үүний араас үймээн бужигнаан эхэлнэ. Нийт 33 суудалтай Сүхбаатар аймгийн ИТХ-д өнгөрсөн хоёр жилд МАН, АН ижилхэн 16:16 суудалтай явж ирсэн. Хүч тэнцсэн тул МАН-аас Засаг даргаа, АН-аас ИТХ-ын даргаа тавьсан. Одоо харин АН нэг суудлаар давуу болсон тул АН-ынхан аймгийн Засаг дарга болоод бусад албан тушаалыг өөртөө авахаар тэмцэнэ гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт аймгийн эрх мэдэл АН-д төвлөрөх тул 2020 оны сонгуульд аль тал ялах нь бараг л тодорхой. Хэт шунасан Ш.Лхамсүрэнгийн хүсэл ийнхүү аймагтаа намаа ялагдууллаа. Үүнээс сургамж авч Д.Сумъяабазар гишүүн хичээж ажиллахгүй бол намдаа ялагдал дагуулж ч болзошгүйг хэлэхэд илүүдэхгүй биз.
Ийнхүү дотоод зөрчил нь МАН-ыг тамирдуулж буйн бодит жишээг Сүхбаатар аймагт болсон нөхөн сонгууль харууллаа.