“Цаглашгүй гэрэлт шүтээн” урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Доржнамжины Ухаанзаяа төрийн дээд шагнал болох “Алтангадас” одонгоор энгэрээ мялаажээ. Нийгэмд үргэлжид сайн сайханыг түгээж явдаг Д.Ухаанзаяадаа баяр хүргээд түүний хэлж байсан сургаалиудаас нэгийг нь оруулая.
Тэрбээр:
Биеэр үйлдэх гурван нүгэл байдаг. Амьтны амь таслах, Эс өгснийг авах, буруу хурьцал гээд. Би Эс өгснийг авахбуюу хулгайн талаар дэлгэрэнгүй ярья. Хүний эс өгсөн зүйлийг, өгөөгүй байгаа зүйлийг залилж хуурч авах, нүднээс далдуур янз бүрээр авч болно. Эд өлгийн хулгай, сэтгэлийн хулгай, хөдөлмөрийг хулгайлах гэх мэт шати шатанд хулгай байна. Хүч хөдөлмөрийг маш хямд цалингаар ажиллуулах ч нэг төрлийн хулгай юм. Оюун санааны бүтээлийг түрүүлж авч, зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах гээд бүгд хулгай юм.
Үүнээс гадна хулгайн хэлбэр дээр манай монголчууд их сонин юм ярьдаг. Номын хулгай бол хулгай биш гэж яриад байдаг. Би бол хувьдаа санал нэгддэггүй. Жишээлбэл надад 500 ам.долларын үнэтэй ном байна. Энэ номыг хулгайлж авчихаад хулгай биш гэх үү. Энэ нь тухайн хүний чухал хэрэгтэй юмыг авснаар асар том хулгай болж байгаа юм.
Хоёрдугаарт манай хулгайч нар өөрсдийгөө өөгшүүлж яриад байдаг. Шилийн сайн эрчүүд хулгай хийдэг, сайн эрчүүд хулгай хийдэг байсан гэх мэтээр буруу ойлголт бас яваад байна. Энэ нь авч үзвэл ялгаатай ойлголт юм.
Жинхэнэ эр хүний бодьсадвва, жинхэнэ сайн эрийн хийх ажил гэж байдаг. Өнөөгийн хулгайч нар орон байр, эд хөрөнгийг хулгайлаад, олсон мөнгөөрөө өөрийн гэр бүл үр хүүхдээ тэтгэж тэжээж байгаа. Энэ бол туйлын том хилэнцтэй үйл юм.
Зэвсгийн наймаа, хар тамхины наймаа, худлаа хэлж хуурч олсон мөнгөөрөө хань ижил үр хүүхдээ тэжээвэл хоол биш хор болно. Энэ маань энэ насандаа биш үе удам дамждаг” хэмээжээ.