Ч.Ганхуяг цахим хуудаснаа “Өчигдрийн нэгэн постон доор баахан трооллууд орж ирээд үймүүлэх гэж үзэж. Баахан ч гэж – 10-20 өрөвдөлтэй хэд. Бүгдийг нь сайхан хаагаад авлаа. Цаашдаа сэтгэлд сэвгүй, амар. Сонгууль ч ойртож… Твиттер дээр нэгэн найз маань доль үсэрлээ, ингэлээ тэглээ гэж. Эхний ээлжинд дагахаа зогсоов – надад намайг тийм явцуу, өнгөц хардаг найз хэрэггүй ээ.
Намын даргаас медааль авсан оройны поостыг 140 мянган хүн 10 хүрэхгүй цагт үзэж, 4,500 лайк авсан байгаа нь өөрөө нэг бодит хэмжүүр гэж ойлгож байгаа. Би нээлттэй байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болно. Тийм ч учраас энд нэг тайлбар дахиад хийгээд авья гэж бодлоо.
Би 2009 оны Монгол Ардын Намын гишүүн. Бүр 1998 оноос хойш цөөнх байхаас нь дэмжиж ирсэн. Миний итгэл үнэмшил энэ намд байдаг – би дан ганцаараа баяжих ёсгүй. Чаддаг нэг нь чадахгүй байгаагаа дэмждэг нийгмийг цогцлоох ёстой гэдэгт итгэдэг. Тийм ч учраас би бичил зээл гэгчийг ард иргэддээ олгох ажлыг сонгож байсан. Өөрийн сонгосон жанжин шугамаасаа ухралгүй явж байгаад 2009 онд Баяр, Батболд, Хүрэлсүх нарыг дэмжиж энэ намд элссэн. Хүрэлсүхээс намын батлахаа авснаараа бахархдаг. Ялсан ч, ялагдсан ч хамт явсаар өдий хүрсэн. Хүн л болсон хойно бидэнд бүгдэрээнд нь алдаж, оносон зүйл энэ амьдралд тохиолдсон л байж таарна. Би өөрөө ч бас эргээд харахад ичиж үхмээр зөндөө л юманд орооцолдож явсан. Нуухгүй, хаахгүй алдаа дутагдлаа өөртөө хүлээн зөвшөөрөөд цаашаа явах нь чухал гэж боддог…
Би энэ Намд өөртөө илүүг олж авах гэж бус, харин өөртөө байгаа илүүгээ өгөх гэж, энэ намыг дотроос нь өөрчлөх гэж, илүү сайжруулах гэж элссэн. Үүнийгээ ил зарласан. Энэ зарчмаасаа ч ухраагүй ээ. Сохроор бүх зүйлийг нь дэмжиж байсангүй – хамгийн том шүүмжлэгчдийн нэг нь байсаар ирсэн. Өөртөө ашиг хонжоо хайж, хий хоосон сенсаацлаж, хүний гар мушгин байж албан тушаал, өнгө мөнгө горилж явсангүй.
Би найз нөхдөө улстөрийнх нь үзэл бодлоор ангилж, ялгаварлаж байсангүй – хүний хувийн итгэл үнэмшлийг хүндэлдэг. Сонгууль болоход би хүнийг нь харж дэмжлэг үзүүлдэгээ нуудаггүй. Манайх гээд бүгдийг нь дэмжээд, айлынх гээд ташраар нь түлхэх утгагүй гэж хардаг. Би Ардчилсан намын найз нараа дэмждэг. Сайн хүмүүс аль аль намд нь тэгшхэн байж байж л энэ улс хөгжинө. Шинээр улстөрд орж ирж байгаа гуравдагч хүчний залуу нөхдөө бас л дэмжсээр ирсэн. Бидэнд мэдлэг, боловсролтой, сэтгэлтэй, зүтгэлтэй мэргэжлийн улстөрчид хэрэгтэй гэж үздэг. Олон ургалч үзэл бидэнд хэрэгтэй. Хамгийн гол нь намын дээр Монголын эрх ашгаа тавьж чадаж байгаа бол бүх зүйл болно гэж хардаг.
Өнөөдөр Хүрэлсүхийн эхлүүлсэн шинэчлэлийг дэмжиж байгаагаа дахиад илэрхийлье. Бидний 12 жилийн өмнө хамтдаа эхлүүлсэн ажил гэж ойлгодог. Оюун-Эрдэнэ сайд энэ буухиаг нь аваад үргэлжлүүлж байгааг харахад надад сайхан байгаа. Нуухгүй ээ. Бид зөвхөн намын шугамаар явж ирсэн бус ажил, мэргэжилтэй, өндөр боловсролтой, салбартаа хийж, бүтээснээрээ танигдсан шинэ залуусыг гаргаж ирж, боломж олгож байж л нөгөө хүсээд байдаг Сингапур, Норвег шиг хөгжлийг Монголдоо авчрах юм. Би энэ давалгааныг 2008 онд өөрөө эхлүүлж, маш олон үе тэнгийнхнийгээ улстөр рүү залж байснаараа бахархдаг.
Муу хэлүүлэхээс ч айгаагүй. Замын ноход хуцдаг юм. Ажил хийсний, хийж байгаагийн илрэл гэж хардаг.
Тийм шүү, ахан дүүс минь, би хойшоо сууж, хүний ардуур нуугдаж байгаагүй ээ. Энэ улсын хөгжилд хэрэгтэй гэсэн газарт нь, хэрэгтэй гэсэн ажлыг нь эрвийх дэрвийхээрээ хийсээр л ирсэн. Чадсан, чадаагүй нь харин өөр асуудал байх. Улс оршин тогтнож байгаа цагт улстөрийн нам нь байж л таарна. Тэнд тэгээд нэг нь дарга сууж л таарна.
Тэр намын бодлого бидний амьдралд сайн муугаар нөлөөлдөг юм. Бодлогод нь харин бид яаж нөлөөлөх талаар ухаанаа уралдуулбал илүү өгөөжтэй байх болов уу гэж хардаг. Хий хоосон дайралт, хардалт дэмий – хэдүүлээ бүтээлч шүүмж, санаа, шийдэл ярьдаг болох уу?
#ХүчээНэгтгэе” хэмээжээ.