Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7б ангийн сурагч, 13 настай Жамсранжавын Тэгшжаргал ТВ9 телевизээс зохион байгуулдаг “Энэ цагийн Эгэл баатар”-аар тодорчээ.
Тэрээр зургаан настайдаа гэр нь шатсан айлын хүүхдүүдэд хувцас цуглуулан өгч хүмүүнлэгийн ажлаа эхлүүлсэн гэнэ. Түүнээс хойш сумынхаа сургуулийнхаа бие засах газрыг тохижуулахаар “Дэлхийн зөн” ОУБ-д төсөл бичин 1000 хүүхдийн бие засах газрын асуудлыг багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ нийлэн шийдсэн байна. Мөн Соёлын төв, цэцэрлэгийн барилгын ажил хийж байгаа хүмүүст цагаан идээ, хоол цай хийж өгдөг, хүнд амьдралтай айл өрхүүдэд хувцас, хоол хүнс, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл өгсөн бөгөөд эмнэлгийн хоёр өрөөг тохижуулжээ. Өнгөрсөн жилд гэхэд л 4 сая гаруй төгрөгийн хүмүүнлэгийн ажил хийсэн юм.
13 настай бяцхан охин төрийн түшээдээс илүүтэйгээр ийнхүү ихийг хийж бүтээж явна.
Сум, орон нутгийнхаа нэр хүндийг түмэнд хүргэн, үлгэр дууриал болж Эгэл баатраар тодорсон Ж.Тэгшжаргалдаа халуун баяр хүргэе.