Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх өөрийн цахим хуудаснаа аавыг нь мөргөөд зугтсан хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр уг нийтлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нарт хандан бичсэн бөгөөд цагдаа хүчний байгуулагуудад итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах нь зүйтэй хэмээн Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн билээ.
Өчигдөр 17:50 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын урд А.Гансүхийн аав гарцаар гарч явахдаа осолд өртсөн бөгөөд зам тээврийн осол гаргасан жолооч нь ослын газраас зугтсан аж. Тээврийн цагдаагийн алба шуурхай ажиллаж тухайн этгээдийг илрүүлж, саатуулсан байна. Тус ослыг Toyota Rumion маркийн автомашины жолооч эрэгтэй Н үйлдсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
А.Гансүхийн аавын хавирга хугарсан, тархи доргисон оноштой, биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.