Марал буусан шөнө”, “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудыг эгшиглүүлэн үзэгч олноо танил болсон дуучин МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг хамтран дуулахаас гадна нэгэн гэр бүл гэдгийг уншигчид андахгүй.
Тэгвэл тус гэр бүлийн гэргий болох дуучин Р.Дэлгэрмаа өчигдөр 40 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэжээ.
Тэрээр Увс аймагт төрж, бага насаа үдсэн нэгэн. Нөхөртэйгөө танилцсан тухайгаа дуучин бүсгүй “Би Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөд СУИС-д элсэн ороход Хишгээ төгсөх курс байсан юм билээ. Би оюутан байхдаа ерөөсөө Хишгээг харж байгаагүй. Ангийнх нь Мэнгэтэй Ариунбаатар ах, Парадогийн Булгаа ахыг таньдаг л байсан. Хишигбаяр төгсөөд дуурийн найрал дуунд ажиллаж байсан юм билээ. Нэг өдөр Морин хуур наадамд “Санах уу” гээд дууг МУГЖ Түвшинтөгс ахтай хамтарч дуулах уу гэдэг санал хөгжмийн зохиолчоос ирдэг юм.
Мэдээж би шууд зөвшөөрсөн. Оюутан хүүхдэд гавьяаттай дуулна гэдэг маш том боломж байсан. Залуу уран бүтээлчдэд өөрөөсөө илүү амжилттай яваа дуучидтай хамт дуулна гэдэг бол томоохон боломжоос гадна тэр мундаг хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Би тухайн үед С.Жавхлантай хамтраад хоёр, гурван дуу дуулчихсан байсан. Хүмүүс намайг хальт л мэддэг байсан л даа. Ингээд “Морин хуур” наадамд оролцох гээд дуурь дээр бэлтгэл хийхээр болсон юм. Түвшээ ах дуурийн гоцлол дуучин байсан болохоор тэр бүр орж ирж бэлтгэл хийх боломжгүй. Харин Хишгээ тэр дууг нь сурчихсан байсан л даа.
Ингээд Түвшээ ахын дубляр нь болоод надтай дуулж, бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэр үед би найрал дууны ийм залуу байдаг юм байна гэж бодчихоод л нээх анзаараагүй өнгөрсөн. Морин хуур наадам өвөл болдог. Тэгтэл хавар нь Хишигбаяр над руу залгаад хоёулаа хамтарч дуулах уу гэсэн санал тавьснаар Оюун гуайн шүлэг, УГЗ Г.Сэр-Од багшийн маань аялгуу “Холын хүн хүлээх сайхан” нэртэй дууг анх дуулж байсан. Түүний дараа “Зүрхний бяцхан шувуухай”, “Марал буусан шөнө” дуунуудыг дуулсан даа. Ингээд бодохоор 2002 оны намраас хамтарч дуулж эхэлсэн байгаа юм. Ингэж л хамт уран бүтээлээ хийж эхэлж, нэг л мэдэхэд харцаараа, бүх л зүйлээрээ биенээ мэдэрдэг болчихсон байсан.
Бид хоёр хамт байх ёстой хүмүүс юм байна гэдгээ ойлгосон доо. 2005 онд бид хоёр нэг гэрт орж байлаа” хэмээн дурсамжаа сөхөн хүүрнэдэг.