Улсын хэмжээнд хоёр хоногийн өмнөөс 12-15 насны хүүхдийг вакцинжуулах ажил эхэллээ. Тухайн насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Файзер вакцинаар дархлаажуулалтад хамруулж байгаа юм.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харъяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх шаардлагатай аж. Тэгвэл хүүхдээ вакцинд хамруулах гэсэн иргэд өглөөний 6 цагаас эхлэн оочерлож буй урд нь 20 орчим хүн байгааг иргэд хэлж байна. Усан бороонд оочерлуулж байхаар цаг өгөөд, цагтаа очиж тариулмаар байгааг тэд хэлж байв.
Вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал нэмэгдсэн байгаа төдийгүй цэг бүрт 18-22 хүний бүрэлдэхүүнтэй эмч, ажилчдын баг ажиллаж байгаа аж.
Хүүхэд болон эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь зөв гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Хүмүүс хамгийн багадаа 3-4 цаг дугаарлаж зогсож байж вакцинаа хийлгэж байгаа учраас наршихаас сэргийлж малгай өмсөх, бага насны хүүхдээ олон нийтийн газар авчрахгүй байх, 12 нас хүрэхэд 1-2 сар дутуу байж болохгүй зэрэг зөвлөмжүүдийг эмч нарын зүгээс өгч байгаа аж.
Мөн вакцин хийлгэхээс өмнө цай ундаа сайн уух хэрэгтэй бөгөөд даарахаас сэргийлэх нь чухал юм.