Шатахууны үнийн өсөлт нийгмийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулдаг. Яг энэ өдрүүдэд ийм л үйл явдал өрнөж байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн баасан гаригт гэнэт л АИ92 төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр нэмжээ.
Шатахууны үнийг зохицуулах зөвлөл хуралдаж, хувийн хэвшил болон төрийн байр суурийг нэгтгэж тодорхой зөвшилцөлд хүрч чадсан тухай хэвлэлээр гарч байв. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулж дуусаад шатахууны үнийг нэмнэ гэж байв.
Гэхдээ шууд 300 төгрөгөөр биш шат дараатайгаар. Гэвч бодит байдал дээр 1,5 сая хүн ч вакцинд хамрагдаж амжаагүй байхад шатахууны үнийг нэмлээ гэх иргэдийн гомдол хөвөрсөөр л байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд уг нь төрийн өмнө хүлээсэн үүрэг, бас эдэлж байгаа эрх ямба гэгч зүйл бий. Үүнийхээ хүрээнд амласан, ажил хэрэг болгох үүргээ умартаж болохгүй.
Шатахууны үнийг нэмэх том үндэслэл нь гадаад орнуудад эдийн засгийн өсөлт бий болсон нь шатахууны үнэ нэмэхэд нөлөөлж байна гэх. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Монгол Улсад 2020 онд 1 сая 450 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Одоогийн байдлаар буюу 2021 оны зургаан сарын байдлаар ойролцоогоор 700.000 тонн газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр импортоор орж ирсэн байна. 2021 оны нэгдүгээр сараас одоогийн долдугаар сар хүртэл дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол өсөлттэй явж ирсэн. Үүний гол хүчин зүйл нь нэгдүгээрт АНУ, БНХАУ Европын улс орнууд эдийн засгаа сэргээх цар тахлын арга хэмжээг далайцтай хэрэгжүүлж байгаа зэргээс шалтгаалж, эдийн засгийн өсөлтийн даган баррель тосны үнэ нэмэгдсэн.
Хөгжингүй орнууд эдийн засгаа тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх нь шууд газрын тосны үнэ, өсөлттэй хамааралтай явагдана. Бид 100 хувь гаднаас импортоор бүтээгдэхүүнээ авдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-д нэг литр АИ-92 бензин 1950 төгрөгөөр худалдаалагдаж байна. БНХАУ-д нэг литр бензиний үнэ 3000 гаруй төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-ын зах зээлд бензиний үнэ 12 удаа өссөн байна. Энэ бол шууд түүхий тосны эдийн засгийн үнийн өсөлтөөс хамаарч явж байна.
Олон улсын зах зээлд өнгөрсөн онд түүхий тосны үнэ нэлээд унасан. 2020 оны дөрөвдүгээр сард 19,5 ам.долларт очиж байсан. Гэтэл тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар дунджаар 75 ам.долларт хүрлээ. ОХУ-ын Роснефть компаниас авдаг АИ-92 бензиний үнэ өмнө жилийн зургадугаар сард 292 ам.доллар байсан бол одоо 661 ам.долларт хүрлээ. Үнийн зөрүү 369 ам.доллар болсон гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд шатахууны 12,7 мянган тонн нөөц бий. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр АИ-92 бензиний 30 мянган тонн нөөц нэмж бүрдүүлэх тогтоол гарч, сонгон шалгаруулалтын шатандаа одоо явж байна.
Бензиний үнэ, харьцангуй шилэн нээлттэй байдаг. Одоогийн байдлаар манай улсад импортын бензин 661 ам.доллараар орж ирж байна. Гэхдээ Засгийн газраас Онцгой албан татварын хувь хэмжээг тэглэсэн. Энэ нь тодорхой хэмжээний нэг литрт оногдох өртгийг бууруулах гол хүчин зүйл болж байна. Одоогийн байдлаар АИ-92 өөрийн өртөг нь 1986 орчим төгрөгт гарч байна. Үүнд ямарваа нэг өөрчлөлт байхгүй шууд ОХУ-аас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүний үнэ болон ам долларын ханшаар шууд тавигдаж байгаа үнэ юм. Одоогийн байдлаар АИ-92 шатахууны үнэ 661 ам.долларт орж ирж байна. Бид 1450-аар зарж байвал зах зээлийн өөрийн өртөг нь 2000 орчим төгрөгт очиж байгаа юм. Долдугаар сарын 25-нд дараагийн бүтээгдэхүүний хилийн үнэ орж ирнэ. Цаашид энэ үнэ хэчнээн хувиар нэмэгдэх эсвэл одоогийн үнэ хадгалагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.
Гэхдээ Монголд борлуулагдаж байгаа шатахууны үнийн хувьд дэлхийн зэх зээлтэй төдийлөн уялдаж чаддаггүй. Учир нь ОХУ-ын Роснефть компаниас шатахуун импортлогч нар авч байгаа учир тэд үнээ нэмэх, бууруулах нь манайд хамаатай байдаг.
Шатахуун импортлогч 80 гаруй аж ахуйн нэгж байдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэв. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэггүй. Харин төрд шахаа хийдэг томчуудын бизнесийн нууц бүлгэм байх талтай. Харин хэрэглэгчдэд шатахуун хүргэдэг гол аж ахуйн нэгжүүд нь “Петровис, Шунхлай, Магнай трейд, Тэс петролеум, Сод Монгол зэрэг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь жижиглэнгээр худалдаалж байгаа шатахуун түгээгүүрийн колонгийн 70 гаруй хувийг эзэлж байна. Жижиглэнгээр зарахын зэрэгцээ төрд шахаа хийдэг том аж ахуйн нэгжүүдэд яах аргагүй тэд бас л орно.
Энэ дуулиантай зэрэгцэн яригдаж эхэлсэн нэг асуудал нь нефтийн үйлдвэр. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлчийн хоёр сонгуульд нефтийн үйлдвэр барьж байгаагаа илэрхийлж “шоудсан”. Гэвч өнөөдөр уг асуудал юу болж байгаа юм бүү мэд, чимээ алга.
Нефтийн үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулж, Матад сумын нутаг дэвсгэрээс Сайншанд хүртэл хоолой татаж, түүхий нефтийг үйлдвэрт нийлүүлнэ хэмээн мэдэгдээд байсан. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны импорт 1 тэрбум ам.доллараар буурах боломжтой. Энэ нь ам долларын ханшыг 18-25 хувиар бууруулах бодит тооцоо гэж зарим эдийн засагчид үздэг.
Хэрэв одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дээрх амлалтдаа хүрч, нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан нөхцөлд түүний Засгийн газар түүхэнд том үсгээр тод тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй юм. Гэхдээ тэр бүтэлгүйтвэл түүний Засгийн газар унах эрсдэл ч бас дагаж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахгүй байх сонирхол дотоод, гадаад орчинд байгаа. Манайд шатахуун нийлүүлж, Монголын улс төр, эдийн засагт нөлөө үзүүлдэг ОХУ-ын хувьд Монгол Улсыг шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхэд таатай хандахгүй. Харин ч эсрэг пиар явуулж, аль болох унагаах гэж оролдоно. Ингэж ч ирсэн. БНХАУ-ын хувьд ч гэсэн түүхий нефтийг Монголоос хямд авах нь тус улсад ашигтай байгаа. Иймээс энэхүү сонирхол нь нөлөөлөх нь гарцаагүй. Одоогийн байдлаар жилдээ нэг сая тонн түүхий нефтийг Монгол Улсаас БНХАУ руу зөөвөрлөж байна. Үүн дээр нэмээд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд. Тэдний хувьд дотоодод шатахууны үйлдвэр байгуулагдах нь ашиггүй. Тэд төрийг дарамталж, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлдэг нөхцөл байдал нь алга болно. Иймээс л энэ олон хүч, энэ олон газрын шахалт дарамт, дайралтыг давж байж гэмээнэ Нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах боломжийг Засгийн газар өөртөө бүрдүүлнэ.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ Нефть боловсруулах үйлдвэрийг Засаг барьж байхдаа байгуулж амжвал түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Ерөнхий сайд байх эсэх нь үүнээс хамаарна.