Лувсандамбийжанцан (1635-1723)
Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан, Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар \одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум\ 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодоржын гэрт мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Манзушри бурхны магтаал Жамбалцанжод номыг цээжээр унших, дөрвөн настайдаа Энэтхэг, Төвд хэлээр зарлиг зохиолыг унших, азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшгийг үзүүлж байв. Мөн Жамбалин номун хаанаас увш санваар, енса брүлгү Лувсанданзанжамцаас равжун сахил хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдартай болжээ. Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жонан Дарнатын хувилгаанаар тодруулан, таван сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүн анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залжээ. Гэгээний арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. Арван таван сүүдэртэйдээ 1649 онд Түвдэд хүрч V Далай лам, Банчин богд нараас судар тарни, гүн ухааны номлолуудыг хүртсэн байна. Төрөлх нутагтаа эргэж ирээд Хангай ханы Шивээтэд Бүтээлийн сүмийг, 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг, 1702 онд Зүүн хүрээг үүсгэн байгуулсан байна. Өндөр гэгээн 1686 онд Бүтээлийн сүмд заларч байхдаа Монгол, Энэтхэг, Төвд гурван улсын номын хэлийг тэмдэглэж болох Соёмбо үсэг зохиож, Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхэлсэн ажээ. Монгол орондоо “Жалзэ тэмбан” хэмээх Ганжуурыг залж өөрийн мутраар гурав дахин бичиж бүтээх, Данжуурын 225 ботийг залж олон шавь нарын хамт шинээр бичих, Хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Алтангэрэл, Банзрагч, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг номын барыг сийлүүлж ,ерөөлийн үгийг зохиосон байна. “Маани бүтээх гүн арга”, “Жинлавцогзол”, ” зэрэг зуу гаруй номоос бүрдсэн нэг боть зохиол туурвижээ. Монголын шашин соёлд оруулсан давтагдашгүй нандин бүтээл болох Очирдара бурхан, хорин нэгэн Дарь эх бурхад, хүрээ дэгийн ая дан зэрэг олон зүйлээр батлагдаж байна.Анхдугаар богд Жавзандамба хутагт 12 жарны хаврын тэргүүн сарын 14 буюу аргын тооллын 1723 оны 2-р сарын 18нд жанч халжээ. Өндөр гэгээний шавь нараас Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэй, Дарва бандида Совджамц, Чин сүжигт номун хан Норовширав нар Төвдөд суралцаж ирээд Монголд шашны төрөл бүрийн эрдэм ухаан судлах сургууль, дацан байгуулсан нь Монголын шашны хөгжилд чухал алхам болсон билээ.