Өндөр нуруу, урт хүзүү хөөрхөн царайгаараа загварын ертөнцөд онцгойрон гарч ирсэн бүсгүй бол Азийн топ модель, мисс Т.Батцэцэг.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиргааны хэлтэст нь ахлах мэргэжилтнээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр ээжээрээ гангарчээ.
Өдгөө 30 насны босго алхаж яваа ч, гэр бүл зохиож, үр хүүхэд төрүүлээгүй тэрээр Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй аж. Мөн Төрийн удирдлагын магистр хамгаалсан боловсролтой нэгэн. Түүний бүх амжилтын цаана ээж нь байсан гэдгийг тэрээр нуудаггүй.
Тэрээр ээжийнхээ тухай “Ээжээсээ үлгэр дуурайлал авдаг. Угаасаа охин хүүхэд ээжээсээ байнга суралцдаг. Ээж шигээ болохыг хүсдэг шүү дээ. Би юмны наад цаад учрыг олж, багаасаа бие даасан.
Ээж маань биднийг тэвчээр, хатуужилтай хүн болгож өсгөсөн. Ер нь авах гээхийн ухаанаар хандаж, бүх зүйлээс суралцахыг заасан” хэмээн хэвлэлд ярьж байв.