Өнөөдөр би танд аюултай “хортой” тусламжийн талаар ярих болно. Тусламж биш. Бүүр эсрэгээрээ танд гай ч болж болох “тусламж”.
Үүнийг ярихын өмнө тусламж гэж юу вэ? гэдгийг тодорхойлъё.
Тусламж бол хэн нэгнийг анхаарч, өөрийн нөөц боломжийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх үр дүнтэй арга юм. Аз жаргалтай ч зүйрлэж болно. Цагаа олсон тусламж хэн нэгэнд аз жаргал болж очдог. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, эмч дуудах, өлссөн хүнийг хооллох зэрэг энгийн тусламж л даа. Харин энэ удаа бид огт өөр тусламжийн талаар ярих гэж байна.
Эртнээс тодорхой болсон нэг зүйл бол тусламж авсан өгсөн хүмүүст үл үзэгдэх холбоос, харилцан хамаарал үүсдэг. Энэ тухай өнөө үед сэтгэл зүйчид, судлаачид, философичид нотлон ярьж байна.
Нэг ийм гэр бүл байдаг. Таагүй харилцаатай. Эв түнжингүй, хэрэлдэж муудалцдаг, нэг нэгнээ үзэн яддаг, тэр нь удаан хугацаагаар үргэлжилдэг. Хэрүүл маргаан, таагүй харилцаа нь тогтмол давтагддаг. Ийм гэр бүл эцэг, эх, таарамжгүй хамаатан, саднаасаа тусламж авахаас та татгалзаарай. Энэ нь маш хортой үр дагаврыг танд авчрах болно. Миний гэр бүл шүү дээ, Би өөр хэнд хандах вэ дээ гэсэн сэтгэлээр тэднээс ямар нэг хэлбэрээр тусламж аваад л байвал харилцан хамаарал тань улам идэвхжиж, та ч мөн адил тэдний амьдралаар амьдрах болно. Гэр бүлийн хүрээнд ийм тусламжийн хувьд ярихад энэ нь таныг сэтгэл зүйн хувьд болон санхүүгийн хувьд хараат болгох хөтөлбөр болж үйлчилдэг.
Тэгээд эцэст нь хүн өөрөөсөө асуухад хүрдэг. “Би яаж хувь тавилангаа өөрчлөх вэ?” гэж… Тэгвэл хариулт нь “Тэднээс, гэр бүлээсээ тусламж битгий ав.” Энэ бол харилцан хамаарал, холбоос үүсгэдэг “хортой тусламж”. Хүүхдийг чинь хардаг, танд мөнгө өгдөг, зээлдэг, ажилд чинь хүргэж өгдөг гээд танд ямар ч хэлбэрээр тусалж болно. Хэдий чинээ их тусламж авна, төдий чинээ их тусламж танд байнга үгүйлэгдэж, тусламж улам их шаардлагатай болсоор л байх болно.
Хоёрдугаарт та таагүй харилцаатай гэр бүлийнхнээсээ тусламж авснаараа хувь тавилангаа хуваалцдаг. Өөрөөр хэлбэл би биенийхээ амьдралын өрнөл, хэмнэл, үйл явдал, үр дагаварт оролцоотой болж байна гэсэн үг. Тусламжаар дамжиж та дараа нь тэр хүний хувьд ямар нэг хариуцлага хүлээх уршигтай харилцаа үүснэ. Харин татгалзсанаар та өөрийгөө, өөрийнхөө хувь тавиланг аварна. Ийм нэг жишээ ярья.
Тосгоны нэгэн сургуульд тоо бодлогын хичээл хийдэггүй хүү байлаа. Хяналтын ажлыг найз охиноосоо хуулчихдаг. Ээж нь хүүгийнхээ сурдаг сургуульд Орос хэлний багшаар ажилладаг. Хүүгээ яаж тооны хичээл дээр хуулдаг гэдгийг мэддэг боловч хүлээн зөвшөөрсөн. Учир нь ээж нь хүүгээ хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаад өөр шиг нь хэлний багш болоод тосгондоо амьдрахад болно гэж хүүдээ сургаж, зөвлөдөг байв. Багш хийгээд тогтвортой амьдарч, хүү нь ээжийгээ харж хандана гэж ээж нь төлөвлөсөн байлаа. Нэг удаа хүү найз охинтойгоо муудалцжээ. Тиймээс охин түүнд тооны хичээлийн шалгалтыг хуулуулсангүй. Мэдээж, хүү муу авсан. Ингээд хүү тоо бодлогын хичээлээ өөрөө давтаж эхэллээ. Дараагийн шалгалт болоход хүү дахиад муу авсан. Гэхдээ энэ удаагийн муу дүн түүний хувьд огт өөр “муу” байлаа. Учир нь тэр хяналтын ажлаа хараад юуг алдсан, яагаад муу авснаа ялгаж таних чадвартай болсон байлаа. Дараагийн удаа дунд авч, дараагийн удаа сайн авч, сүүлдээ тооны хичээлийн онц сурлагатнуудын нэг боллоо. Түүнд тус биш хор болж байсан зөвлөгөө, тусламжаас татгалзсаны ачаар тэр найзын бас ээжийн хараат байдлаас ангижирсан. Хортой тусламжаас татгалзаагүй бол тэр өөрийнхөө хувь тавилангаар амьдарч чадахгүй байх байлаа. Тэр ээжийнхээ төлөвлөгөөгөөр амьдарч, Орос хэлний багш хийж амьдралаа залгуулаад тэтгэвэртээ гарах байсан. Харин хэн нэгнээс хараат биш өөрийнхөө амьдралаар амьдарч чадсаны хүчинд одоо тэр муждаа алдартай математикийн эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны түвшинд өөрийн гаргалгаа хийж үзүүлсэн амжилтын эзэн болсон. Хортой тусламжаас татгалзаж чадсан хүн өөрийнхөө нөөцийг гаргаж ирж чаддаг. Тэгээд өөрийнхөө өмнөх Боломжоо нээж, шүүрч чаддаг гэдгийг санаарай. Бас хэн нэг нь чиний амьдралыг төлөвлөх биш харин чи өөрөө зорилго тавьж, хүсэж мөрөөдөж, тэмүүлэх учиртай юм.
Хүн хувь тавилангаа өөрчлөхийг хүсдэг. Хэн ч аавынхаа, ээжийнхээ, эсвэл удмынхаа хэн нэгний азгүй хувь зохиолыг давтахыг хүсдэггүй. Тэгвэл та биеэ дааж сурах хэрэгтэй.
Хэн нэгний өмнө биш, ӨӨРИЙНХӨӨ өмнө ХАРИУЦЛАГАТАЙ бай. Өөрийгөө ХАРИУЦАЖ амьдар.
Ялангуяа хүүхдийнхээ амьдралд үргэлж оролцоотой байхыг хүсдэг “хортой” гэр бүлээсээ аль болох тусдаа, ямар нэг хамааралгүй байх хэрэгтэй. Тийм эцэг эх үргэлж түүний амьдралыг хөтлөхийг оролддог. Яаж биеэ авч явах, яаж ажиллах, яаж амрах, яаж нөхөрлөх гээд бүхнийг зааварлаж, хүүхдийнхээ ярьсан, зөвлөгөө хүссэн аливаа асуудалд түүнийг буруутгах гэж оролддог. Ингээд харилцан яриа урам хугаралт, сэтгэл гутралаар өндөрлөдөг гэр бүл. Иймээс л та тусламж авахаас татгалзах хэрэгтэй. Тийм эцэг, эх хүүхдийнхээ амьдралын эрчим хүчийг сорж байдаг.
Нэг залуу бүсгүй ээжээсээ 2 охиныг нь ажилтай үед нь харж өгөхийг гуйжээ. Төрсөн эмээ нь юм чинь охидод маань хэрэгтэй, тэднийг илүү хайрлана, эрсдэлгүй гэж боддог байлаа. Мөн надаас хүүхэд асрагч шиг хөлс авахгүй. Үнэ төлбөргүй. Гэвч асуудал гарлаа. Бяцхан охидтойгоо харилцах харилцаа хөндийрч, охид үргэлж ээжийгээ ямар нэг зүйлд буруутгаж байх болов. Тэд ээждээ түүнийг багадаа ямар “бүтэлгүй” охин байсныг эмээгээс сонссоноо ярина. Охид бүхэлдээ ээжийнхээ эсрэг болсон байлаа. Харин эмээгийн хувьд чиний амьдралд ямар нэг асуудал гарах болгонд би дандаа үнэгүй тусалдаг гэж охиноо яллана. Хүүхдээ харуулахаар асрагч хөлсөлсөн бол чи төчнөөнийг төлөх байсан харин би чиний төлөө үүнийг хийж байна гэжээ. Ингээд зөрчил эцэстээ тулахад охиныхоо хүүхдийг харж өгсөн эмээ асрагчид яасан ч төлөхгүй байсан өндөр үнийг нэхлээ.
“Хортой” туслагчид өөрийнхөө тусламжийг аль хэдийнээ өндрөөр үнэлж, тооцсон байдаг. Тэдний үнэ хэдэн зуу эсвэл хэдэн мянгаар нэмэгддэггүй. Харин тооны хэдэн орноор өсдөг. Дараа нь авах аргаа хүртэл төлөвлөсөн байдаг. Хортой эцэг, эх насанд хүрсэн хүүхдэдээ үргэлж тусалж, түүнийг өөрийнхөө “хяналт”-ын талбайгаас гаргахгүй байхыг эрмэлздэг юм.
Хэрвээ та хортой тусламжийг хүртсэн л бол танд тусалсан хүний ачийг хариулах хариуцлагатай харилцаанд орно. Улмаар тусламжийн эх үүсвэртэйгээ холбогдож, байн байн тусламж авах, хариу туслах… ингэсээр та хувь зохиолоо хүсээгүй хүмүүстэйгээ хэдийнээ холбосон байна.
Санаж ав. Хариугаа тооцсон тусламж бол тус биш. Зүгээр л таныг төлөвлөчихсөн гэсэн үг. Өглөг, авлагатай байхын хэрээр та хариу нэхсэн тусламжийн барьцаанд орж, таны амьдрал өөдлөхгүй. Харин асуудлыг бие даан шийдэх тусмаа таны өөртөө итгэх итгэл, амьдрах эрч хүч нэмэгддэг юм шүү. Хэвтрийн өвчтөн хүртэл орондоо хооллох бус, харин хичээл зүтгэл гарган өндийж, ширээнд суугаад хооллоход хүний амьдрах итгэл, хэвийн дэглэмдээ орох биеийн хүч нэмэгддэг.
Хортой тусламжаас татгалзаарай. Та үргэлж амьдралын эрч хүчтэй байж, өөрийнхөө хувь зохиолыг өөрөө бичих зоригтой, зорилготой байгаарай.
Та бүхэнд аз жаргал хүсье.
Эх сурвалж: ОХУ-ын сэтгэл зүйч, философич
АННА ВАЛЕНТИНОВНА КИРЬЯНОВА
Орчуулсан: сэтгүүлч Д.Энхтүвшин