Э.Содномпилжээ: Ээжийгээ бага ч гэсэн баярлуулсандаа сэтгэл өег байна. Ирэх паралимпын наадмаар ард түмнээ ахин баярлуулна.
“ТОКИО 2020” зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож, аварга болсон юм. Тэрбээр “Жиндээ нэгд явж байсан учраас сэтгэлзүй өндөр, бэлэн байсан. 250 кг-ыг өргөнө гэсэн бодолтойгоор орсон, боломж 100 хувь байсан.
Дасгалжуулагчдаа, Монголын шигшээ багийнхандаа баярлалаа. Парисын олимп болоход гуравхан жил үлдсэн байна. Ард түмнээ баярлуулахын төлөө хичээнэ” хэмээн ярилаа.