ӨРГӨН АЙЛСАЛТ гэж далаад оны социализмын үеийн өргөн цар хүрээтэй кампанит ажлыг улс орон даяар түүний дотор манай Ургамал суманд ч маш эрчимтэй зохион байгуулдаг байв.
Энэ үеэр манай Баян-Улаан бригадын бүх малчин өрхийг Талын гурван улааны дунд Хүнгүй голын эрэг дээр Олгой хэмээх газар хүчээр нэг дор бөөгнөрүүлэн хоёр гурван эгнээгээр лагерь камп маягаар айлуудыг задгай байрлуулахыг өргөн айлсалт гэнэ зураг дээр.
Өргөн айлсалтыг манай элсний арын Сантмаргац сум нэгдлийн дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Адъяагийн Цэдэн-Иш гуай анх санаачилж улс орон даяар хэрэгжүүлсэн гэдэг.
Өргөн айлсалтад айлууд нормт ашиг шим ноос ноолуураа авч дууссан, албан журмын сүү саалиа борлуулж дууссан, отор нүүдэл хадлан тэжээл хийхээс өмнөхөн үе буюу 7-р сарын 20-ноос 9-р сарын дунд хүртэл хоёр сар орчмын хугацаанд хамрагддаг байв.
Өргөн айлсалтын зорилго нь жалгын нэг тархсан нүүдэлчин малчдыг нэг дор цуглуулж ухуулах сурталчилгаа уралдаан тэмцээн урлаг уран сайхны ажилд нэгдсэн журмаар хамруулах, өнгөрсөн өвөл хаврын мал төллөлт, өвөлжилт хаваржилтын байдалд дүгнэлт хийж, хөдөлмөрийн гавшгайчдаа тодруулах, социалист хөдөлмөрийн гавшгайчдынхаа баярыг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх бяцхан найр наадам хийх, хамтран хадлан тэжээлээ бэлтгэх зэргээр нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө хэмээх социализмын үндсэн уриа лоозунг жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлэх зорилготой кампанит ажил байв.
Өргөн айлсалтын үеэр бүх эрчүүд болон ах нар хадлан бордоо, отор нүүдэл, тэмээний эрэлд явж, хэдэн авгайчууд хүүхдүүд гэрээ сахин үлддэг байв. Манай ээж мэтийн жилийн дөрвөн улиралд борви бохисхийхгүй зүтгэдэг хүмүүст бол өргөн айлсалт гэдэг нь тэдний хувьд түр амсхийх, хир буртгаасаа салах, гэрийн бүрээс туурга ширдгээ хамтын хүчээр оёж шидэх угааж цэвэрлэх, урлагийн бригадын тоглолт үзэх, цаг зав гарвал шавиагаа ханатал хөзөр тоглож, данхтай цайгаа шавхтал бүтэн жил яриагүй хол ойрын хов живийг айлын самган нартай хөөрөлдөж жиг жуг хийн нудралцах зэрэг нэг ёсондоо бяцхан соёлжилт амралтын үе байв.
Орост олон намрыг үдэж сурахдаа мөн ийм үе болох Авгайчуудын зун буюу Бaбьe лето гэдэг 9 сарын эхээр болдог цаг үеийг олж мэдэхдээ өргөн айлсалт мөн миний санаанд орж ээжийгээ өөрийн эрхгүй дурсдаг байв. Энэ үеэр орос эхчүүд тариа ногоогоо хурааж дууссан, жимсний чанамал хийж, байцаа ногоогоо даршилсан шигээ түр амрах, амсхийх сайхан нарлаг дулаахан хоёр долоо хоног орчим үргэлжлэдэг үе нь юм.
Америкт ч мөн “Indian summer” буюу нутгийн уугуул иргэд болох индианчуудын зун гэх цаг үе 10 сарын эхээр байдаг юм билээ. Өргөн айлсалт гэдэг нь хэдий социализмын үеийн ухагдахуун ч айл айлын авгай нарын түр амсхийх, амрах үеийг үндэстэн бүрд байгалиас бас заяасан ч юм шиг санагддаг.
Өргөн айлсалт нь хамтын хүчээр өвөлдөө бэлтгэх, гар тэжээл хийх, өвөлдөө хэрэглэх цагаан идээгээ боловсруулж бэлтгэх боломж мөн олгодог байсан. Энэ үеэр айлууд саалийн 10-20 ямаатай, 4-5 үхэртэй үлдэж бусдыг нь бүгдийг оторт хөөж гаргадаг, нэгдэл нийгэмд өгөх албан журмын үүрэггүй жаргалтай сайхан үе бөгөөд 9-р сарын 15 гэхэд айлууд тарж намаржаа руугаа нүүдэг байв. Өргөн айлсалт болоход хүүхэд бидний магнай ёстой л нэг тэнийх шиг болдог.
Зунжингаа хар бор ажилд нухлагдсан үеийн хэдэн нөхдүүд нийлж Талын гурван улаандаа очиж өдөржингөө байлдаж барилдаж диандаж тоглож, Хүнгүй гол дээр шавраар тоглон усанд орж, бие биенээсээ уралдан даага сургаж, даагаа уралдуулж, хамгийн хурдан даагаа хөтлөн 9-р сарын 1-нд сургуулийн дааганы баярт уралдаж түрүүлж, сүүлдэж ч явлаа.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ