Монгол Улс шатахууны хомсдолд орж, ШТС-ууд хаалгаа барьж эхлэв. Манай гол хэрэглээ болсон “АИ-92”, “АИ-95” маркийн бензиний нөөц шавхагдаж, түргэн тусламжийн, цагдаагийн болон гал унтраах, онцгой байдлын, Зэвсэгт хүчний нэн тэргүүнд хөдлөх машинуудад тодорхой лимитээр өгч байгаа ч өнөө маргаашгүй дээрх газруудын ажилтнууд XX зууны эхэн үеийнх шиг морь тэрэг хөлөглөхдөө тулах нь. Учир нь бензиний ямар ч нөөцгүй болж байгааг нефть импортологчид хэлж байна.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын яам, агентлагийн сайд, дарга нар, эвэртэн туурайтнууд нь “Шатахууны төдөн сарын нөөц байна, санаа зоволтгүй” гэх зэргээр олон нийтийг хууран мэхэлж байсан нь үнэнд ийн гүйцэгдэв. Олон улсын зах зээлд дээрх төрлийн бензиний нөөц хомсдох магадлалтайг үйлдвэрлэгчид төдийгүй импортологчид бараг жилийн өмнөөс анхааруулсаар байсан юм билээ. Гэсэн ч манай дүлий дүмбэ төрийн албан хаагчид, Засгийн газрын урагшгүй ажилтнууд юман чинээ тоохгүй явсаар ийм байдалд хүргэлээ. Бензин, шатахууны хэрэглээг Ерөнхий сайд Та Улаанбаатарын чихэлдсэн автомашинуудаар хардаг бололтой. “Шатахуунгүй болчихвол түгжрэл багасна” гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Та хоёр арай бодсон юм биш биз дээ.
Гэтэл бензин, шатахууны нөөц бол үндэсний аюулгүй байдлын онцгой нэг үзүүлэлт гэдгийг Та, таны “амьгүй” албатууд мэддэггүй нь харамсалтай. Таны хийсэн “Дижитал үндэстэн” гэх цагаа олоогүй шоу, попролоос чинь болж хэд хоногийн дараа Ковидын жинхэнэ “бүүм” болно, харж л байгаарай. Тэр үед өвчтнүүдээ зөөх яаралтай тусламжийн, цагдаа, гал унтраах, онцгой байдлын машинууд шатахуунгүй таг зогсох нь байна. Энэ бүгдээс үүдэн үндэсний аюулгүй байдал, иргэдийн ажил, амьдралд ноцтой аюул учрах нь тодорхой. Танд хамаагүй юу, Ерөнхий сайд аа. Орчин үеийн машин техник Таны галлаж байсан уурын зуухнаас өөр түлшээр ажилладаг гэдгийг эрх биш мэдмээр сэн. Таны тэргүүлсэн Засгийн газрын яам, агентлагийн дарга нарыг буруутгах гэж буруутгаад байгаа юм биш.
Юу гэвэл, бензин шатахууны хомсдолд орж болзошгүй, оросууд крантаа хааж магадгүй байгааг эрт мэдэрсэн, мэдсэн манай нефть импортологчид “Роснефть”, “Яйск”-ийн захирлуудад хандаж, ширээний ард суух хүсэлтээ аль зуны эхэн сард тавьж, тэднээр зөвшөөрүүлсэн юм билээ. Оросууд ч манайд нийлүүлэх бензинээ 50-80 хувиар бууруулж болзошгүй байгаагаа мэдэгдэж байж. “Роснефть”-ийнхэн ажлын уулзалтад оролцох хүмүүст урилгаа ч ирүүлсэн байдаг. Ирүүлсэн урилгынх нь дагуу ОХУ-руу явах, хэлэлцэл хийх нефть импортологчид албан паспорт авахаар нэрс, холбогдох бичиг баримтаа Гадаад харилцааны яаманд өнгөрсөн наймдугаар сарын эхээр өгчээ. Гэтэл тус яамны ширээ бөглөсөн, яаж гадаадад томилогдох вэ гэдгээс өөрийг бодохоо больсон албан тушаалтнууд чинь хэдхэн хоногийн өмнө нэг юм ажил болгож.
Одоо албан паспортоо аваад ОХУ-ын Элчин сайдын яамнаас виз авахад бас хэчнээн хонох юм бүү мэд. Ямар их цаг хугацаа алдсныг Та тооцно биз ээ. Дэлхийн зах зээл, үйлдвэрлэл таны урагшгүй албан хаагчдийг хүлээхгүй гэдгийг шатахууны хомсдол, бусад улсын гэрээ хэлцэл (Оросуудад олон төрлийн хориг тавьж, бусад улсыг тэр хоригтоо нэгдэхийг шахаж, зөрчвөл бас арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан АНУ өөрсдөө хоригоо умартан ОХУ-аас их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн авахаар өндөр дүнтэй гэрээ байгуулсан талаар бид “Би хэрвээ шатахуун импортологч байсан бол Танд хоёр хурууныхаа завсар нэг хуруугаа хийгээд “май” гэсэн хариулт өгөх байлаа, Ерөнхий сайд аа” гэсэн өмнөх нийтлэлдээ дурдсан) харуулав. Бидний байгаа байдал л энэ. Гэтэл та “дижитал үндэстэн” боллоо гээд Засгийн газраасаа гаргасан цар тахлын үеийн дүрэм журмаа зөрчин олон мянган хүн цуглуулж попроод байдаг.
Уйлахад ч багадахаар нь “Роснефть”-ийнхэнтэй хийх яриа хэлцэлд төрийг төлөөлж оролцох учиртай гурван түшмэл тань “Замын зардал байхгүй” гээд хээв нэг сууж байсан гэж байгаа. Аргаа барсан хувийн хэвшлийнхэн танай Засгийн газрыг төлөөлөх учиртай тэр гурван даргын тань замын болоод ОХУ-д байх зардлыг даахаар болсон юм байна. Гэтэл хамгийн гол хүн буюу Газрын тосны газрын дарга, холбооны инженер Ц.Эрдэнэбаяр “Орос руу яваад бензин олж ирж чадахгүй” гээд явахаас татгалзажээ. Магадгүй бензин олж ирж чадахгүйгээ мэдээд хариуцлага яригдах үед “Би яваагүй, хэрэв явсан бол олоод л ирэх байсан” гэж арьсаа хамгаална гэдгээ тэрбээр тооцсон нь илт байна. Газрын тосын газрын дарга тэгээд юу хийх болж байна вэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалангийн дотнын анд, нэг ангид сурч байсан гэх энэ этгээдийг хотын мээр Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа агентлагийн дарга болгосон “Даам гарсан хүү” гэх юм.
Юу гээч нь л болоод байна даа, Ерөнхий сайд аа. Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдал нүүрлэчихээд байхад бензин, шатахууны нөөц бүрдүүлж, энэ салбарыг гардан удирдаж байх дарга тань хойш суулаа. Энэ хүн мөлхөөд ч болов Орост очиж, мөргөж байгаад ч хамаагүй бензин, шатахуун олж ирэх учиртай бус уу. Таны тэргүүлсэн Засгийн газрын харьяа яам, агентлагт тань иймэрхүү сэтгэлгүй нэгэн дүүрэн байгаа гэдэгт би итгэж байна. БНСУ-ыг үсрэнгүй хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч Пак Германы Ерөнхийлөгчийн өмнө сөгдөж, тус улсын нүүрсний уурхайнуудад солонгос ажилчдыг ажиллуулахыг, тэдний цалин улс оронд нь хэрэгтэй байгааг гуйж байсан гэдэг юм билээ.Тэглээ гээд Пак Ерөнхийлөгчийг дэлхий шоолоогүй юм. Эх орон, ард түмнээ гэсэн түүгээр харин бахархсан байдаг.
Гуравхан даргынхаа замын зардлыг гаргаж чадахааргүй болтлоо төрийн сан хоосорсон юм байна гэж дээрх үйл явдлаас ойлгогдож байна. Гэтэл та хэдэн зуун саяар нэг орой шоу зохион байгуулж, салют буудуулсан хоёр яаж авцалдаж байгааг тайлбарлан гэдэгт тань итгэж байна. Итгэж байна гэхээсээ танаас шаардаж байна.
Бензин, шатахуунгүй улмаас улс даяараа тэг зогсолт хийхэд хүрээд байгааг Ерөнхий сайд дөнгөж өнөөдөр л мэдэж байгаа бололтой юм. Тэрбээр Газрын тосны газрын даргадаа шатахуун импортологч компаниудын удирдлагуудыг 11.00 цагт цуглуулахаар лүндэн буулгажээ. Засгийн газрыг хараад бүтэхгүй гэдгийг мэдсэн нефть импортологчид бага ч болов цаг хожихоор ОХУ-руу автомашинаар зарим нь өчигдөр орой, зарим нь өнөө өглөө замд гарчээ.
Тэднийг Оросын тал нэвтрүүлэх, эсэх нь тодорхойгүй байна. Учир нь, хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй байгаа юм билээ. Улс даяар онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед тэднийг ОХУ-руу саадгүй нэвтрүүлэх ажлыг манай ГХЯ-ныхан аль хэдийн зохион байгуулах учиртай байсан бус уу. Нефть импортологч компанийн захирлууд эзгүй байгаа тул Ерөнхий сайд, Газрын тосны газрын дарга хоёр хэнтэйгээ хуралдах юм бүү мэд. Бензин, шатахууны нөөц бүрдүүлэх, түгээлтийг хэвийн болгоход тэд ямар арга хэмжээ авахаар болсон нь сонирхолтой байна.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо