Монголын боксын холбоо өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр ДАШТ-ий 60 кг-ын жинд өрсөлдөх тамирчныг сонгох сорил тулааныг Орхон аймагт зохион байгуулахаар товлоод байсан ч тоглолт цуцлагдлаа.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, залуу тамирчин О.Тулга нар 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч Э.Цэндбаатар цагтаа багтан ирж, жингээ үзүүлсэнгүй.
О.Тулгын хувьд 59.9 кг-аар жиндээ оржээ.
Э.Цэндбаатарыг дүрмийн дагуу жингээ үзүүлээгүй тул тоглолтыг цуцалж, 60 кг-ын жинд О.Тулгыг ДАШТ-нд явуулах шийдвэр гаргах нь тодорхой болж байна.
Э.Цэндбаатарын утас нь холбогдохгүй, шалтгаанаа тайлбарлаагүй талаар сорил тэмцээний Ерөнхий шүүгч, Монголын боскын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан О.Батнасан хэллээ.
Сануулахад, Монголын боксын холбоо сахилга, хариуцлага алдсан асуудлаар Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцох эрхийг нь хассан ч түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч, энэхүү сорил тэмцээнийг зохион байгуулахаар болж, ялсан тамирчныг ДАШТ-д явуулах зохицуулалт хийгээд байсан юм.
Хуваалцах