Монгол Улс өнөөдөр шатахууны дөрөв хоногийн нөөцтэй, төрөөс тогтоосон хязгаарлалтаар ард иргэд шатахуунаа авч, 1990-ээд онд картын бараанд дугаарладаг шигээ дугаарлаж зогсоно, 21-р зуунд.
Өнгөрсөн хавраас хойш шатахууны хомсдол үүсэх нь, нөхцөл байдал хүндрэх нь гэсэн дэл сул яриа өрнөж байсан ч ОХУ-ын талаар шатахууныг хязгаартай нийлүүлэхээ мэдэгдэж, БНХАУ-аас авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн ч зөөвөрлөх төмөр замгүй хэмээн бид ийм нөхцөлд хүрэв.
Үндсэндээ бид улсаараа ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийнхөө бойкотод оров. Цаашид хэрхэх вэ. БНХАУ-ын тал, ОХУ-ын талтай Засгийн газар бүх түвшинд хэлцэл хийж байгаа ч дөрөв хоногийн нөөц нь аль хэдийнэ дууссан бололтой.
Яагаад найрамдалт хоёр хөрш маань гэнэтхэн нэг асуудлаар өөр шалтгаантай өнөөдрийн нөхцөл бий болов. Улс төрийн хүрээнд, гадаад харилцааны хүрээнд ч олон тайлбар явж байна. Нэг хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь анхны айлчлалаа хоёр хөршөөс эхлээгүйтэй холбож байхад нөгөө хэсэг нь Засгийн газар, зарим яамдын сайд нараас хариуцлага нэхэж байна. Ерөнхий сайд ч шатахууны хомсдол үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг яаралтай дүгнэж, хариуцлага тооцох хүнийг олж ир гэсэн үүрэг өгч.
Гэхдээ энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Салбарын сайд Г.Ёндон уу, Ашигт малтмалын ерөнхий газрын дарга Х.Хэрлэн үү эсвэл зүгээр нэг мэргэжилтэн үү. Шатахууны хомсдол үүсгэсэн буруутныг олж тогтоох ажиллагаа Засгийн газрын, улс төрийн түвшинд эхэлсэн. Гэхдээ тэд жинхэнэ буруутныг олж, хариуцлага тооцож чадах уу.
За болъё, хүйтний ам наашлаж, хөхүүрийн ам цаашлаж буй энэ цаг хугацаанд 21-р зуунд амьдарч буйгаа үл хайхран нийтээрээ морио унаж эдлэе. Монголчуудаас илүү морийг судласан ард түмэн байхгүй хэмээн өөрсдийгөө бид хөөргөдөг ард түмэн шүү дээ.