Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй төрсөн ахыг найруулагч Б.Баатар гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэд өчигдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины төрсөн өдрийг тохиолдуулан өөрсдийн цахим хуудаснаа хамтдаа авхуулсан гэрэл зургаар гангарчээ.
Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд 1980 онд Улаанбаатар хотноо төрж, Хэнтий аймагт өссөн бол түүний “төрсөн ах” гэгддэг найруулагч Б.Баатар 1979 онд Өвөрхангай аймагт төржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар найруулагч Б.Баатарын төрсөн аав 1978 онд Өвөрхангай аймагт “илгээлт”-ээр очиж байжээ. Ингэж явахдаа Б.Баатар найруулагчийн ээжтэй танилцсан байна. Найруулагч Б.Баатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний аав зураач, ээж багш хийдэг байсан. Би аав шигээ уран бүтээлч болох юмсан гэж бүр багаасаа боддог байсан. Тэгээд зураач, багш мэргэжилтэй болсон. Хүсэл маань биелэсэн болохоор их сайхан байдаг” хэмээн ярьж байжээ. Тэрээр өдгөө өөрийн хойт аав н.Бат-Өлзий гэх хүнээр овоглодог бөгөөд төрсөн эцгээсээ дутахгүй хайрлаж, халамж үзүүлдэг тухай ойр дотныхон нь ярих юм билээ.
Харин Б.Баатар найруулагчийн “төрсөн дүү” Л.Оюун-Эрдэнэ 1980 оны зургадугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо төржээ. Тэрээр МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн гэнэ. Л.Оюун-Эрдэнэ 2001 онд ээжийнхээ нутаг болох Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар томилогдож, ажлын гараагаа эхэлж байжээ. Түүнд нутаг усныхан нь ч “ам сайтай” байдаг юм билээ.
Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцландаа “Би эхээс хоёулаа. Ээж маань хөгжимчин хүн. Миний аав зураач. Би айлын том хүү. “HERO”-гийн Б.Баатар бид хоёр эцэг нэгтэй ах дүүс. Би ийм ахтайгаараа бахархдаг. Амьдрал их баялаг юм билээ. Бидний хувьд олон төстэй зүйл бий. Хоёр өөр салбарт ч өөрөө өөрийнхөөрөө л зүтгэж яваа залуус. Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж би боддог юм. Амьдрал надад ах бэлэглэсэнд билэгшээдэг” хэмээн ярьжээ.