Бичиг үсэг гэдэг бол хүн төрөлхтний соёлын маш чухал ололтын нэг юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн атомын эрин үе хүртэл хүн төрөлхтний бүтээн хуримтлуулсан соёлын асар их өв нь бичиг үсэггүйгээр бүтэх аргагүй юм. Хүний хэлсэн үгийг радиогоор алс хол нэвтрүүлэх буюу тэмдэглэх арга олох хүртэл бичиг үсэг нь хүний үг хэлийг алс хол дамжуулах, олон зуун жилээр хадгалан үлдээх ганц арга байсан.
1920-иод оны үед Монголын нийгмийн байдал, соёлын хөгжилд их хувьсгал гарсан юм. Үүний зэрэгцээ бас монгол бичиг үсгийн хөгжилд ч шинэ үе эхэллээ. Хэрэв хувьсгалын өмнө монгол бичиг үсэг нь гол төлөв албан бичиг, түүх үлгэр бичих, зохиох хэрэгцээтэй байсан бол хувьсгалын дараа монгол бичиг үсэг нь бүх ард түмэнд зүйл бүрийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх зэвсэг болсон байна.
1921 оны Ардын хувьсгал ялсны дараагаар бичиг үсэгт сургах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, шийдвэртэй арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, 1923 оноос насанд хүрэгчдийн сургууль, бичиг үсгийн дугуйлан зохиогдож эхэлснээр манай улсад нийт иргэдийн боловсролын ажлын эхлэл хүчтэй өрнөв. Тухайн үед орон нутаг, хошуудад иргэдийг бичиг үсэгт сургах түр бүлгэм нь “Монгол бичгийн утгын түр сургууль” нэртэйгээр байгуулагдан хичээллэж эхэлсэн байна. МАХН-ын III их хурлаас 1924 онд “Ерөнхий боловсролын сургууль”-ийн тухай өгсөн заалтад: “…Ард түмний их төлөв нь бичиг үсэг мэдэхгүй тул үүнээс насанд хүрсэн аливаа хүмүүсийг бичгийн эрдэмд боловсруулахыг хичээлгэвээс улс төрийн давших замд тустай…” хэмээн заажээ.
БНМАУ-ын нутгийн захиргааны дүрэм ёсоор ард түмнийг бичиг үсэгт сургах ажлыг арван гэр, баг, сумдын сургуулиар гүйцэтгэж байсан бөгөөд өрх гэрийн сургалт илүү зонхилж байлаа. Орон нутгийн чанартай байсан бичиг үсэгт сургах ажлыг эрчимжүүлэхийн тулд 1925 онд Ардыг гэгээрүүлэх яаманд “Сурган боловсруулах хэлтэс”-ийг байгуулж түүнд ард түмнийг бичиг үсэгт сургах ажлыг эрхлүүлжээ. 1926 оноос бага сургуулийг түшиглүүлэн хүн амыг бичиг үсэгт сургах түр сургуулийг байгуулж, хичээллүүлэв. 1927 онд Улаанбаатарт 225 хүн, Цэцэрлэг мандлын аймагт 320 хүн ийм түр сургуульд тус тус суралцаж байсан ажээ.
Түүнчлэн орон нутагт ард олныг соён гэгээрүүлэх ажил өрнөх бичиг үсэгт сургахад их анхаарч байсны үрээр бичиг үсэг мэдэх хүний тоо аажмаар нэмэгдсээр байлаа. Жишээ нь, “Хан Хэнтий уулын аймагт 1926 онд бичиг мэдэгчид 7829, үүнээс монгол хуучин бичиг мэдэх хүн 3081, орос бичиг мэдэх хүн 118, хятад бичиг мэдэх хүн 3, түвэд бичиг мэдэх хүн 4627 байсан” нь 1926 оны Хан Хэнтий уулын аймгийн 11 хошууны 26040 хүн ам -тай харьцуулахад тус аймгийн 30 хувь нь ямар нэгэн бичиг үсэг мэддэг байжээ.
Монголчууд гучаад оноос латин үсгийг нилээд сайн мэдэх болсон ба кирилл үсэгт шилжсэнээс хойш ч гэсэн хими, физик, астроном, математик зэрэг хичээлээр дамжин латин үсэгт тайлагдсан төдийгүй, шинэ цагийн техникийн дэвшилтэй хамт алхахад латин үсгийн хэрэглээг өөрийн эрхгүй шаардаж байв.
МАХН-ын X их хурлаар “1934-1940 онд тус улсад бичиг үсэг мэдэгчид 32000-73000 хүртэл өссөн их амжилтыг бахдан дүгнээд нийт хөдөлмөрчдийн соёл боловсролын хэмжээг улам дээшлүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрмөсөн арилгаж, манай ард түмний эрх жаргалант амьдралд гэгээн зам нээхийн чухал ” -ыг заажээ. Мөн тус Их хурлаар “Насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах хэрэгт бүх нам, улс, аж ахуй, олон нийтийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах, хөдөлмөрчдийг бичигт сургах нь бичиг мэдэгчид хүн нэг бүрийн хүндтэй хэрэг байх ёстой ” хэмээн соёл боловсролыг хөгжүүлэх ба ард түмнийг бичиг үсэгт сургах явдлыг түргэтгэхийн тулд бичиг үсгийг шинэчлэн өөрчлөх шийдвэр гаргасан байна.
МАХН-ын Х их хурал болон 1940 оны VI сард хуралдсан БНМАУ-ын VIII их хурлаас “соёл боловсролыг хөгжүүлэх хэрэгт жинхэнэ хувьсгалыг хийх хэрэгтэй” гэсэн заалтыг удирдлага болгож, “бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган бүх нийтийг анхан шатны боловсролтой болгож, соёл боловсролыг түргэн хөгжүүлэх” хэмээн үзэж бичиг үсгийн боловсрол нь хуучин үеийн харанхуй хоцрогдсон байдлыг халж, хөдөлмөрчин олны оюун сэтгэхүйг нээгдүүлэн, улс орноо батлан хамгаалах, аж ахуй, үйлдвэр соёлыг хөгжүүлэх хамгийн чухал нөхцөлийн нэг мөн учраас хөдөлмөрчин ард түмнийг бичиг үсэгт сургах явдлыг хүчтэй зохион бүх байгууллага ба бичиг мэдэгч хүн бүхнийг эл хэрэгт дайчлан оролцуулах ” хэмээн онцлон заажээ.
1940 оны V сарын 3-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс “Соёл боловсрол, дэлхийн олон улс орны бичиг үсгээс машид хоцорсон … соёлын хурц зэвсэг болж чадахгүй … шинжлэх ухааны нэр томьёог бичиж болохгүй ” гэж илтгэн “Монголын шинэ үсгийг хэрэглэх асуудлыг боловсруулан бэлтгэх Засгийн газрын комисс байгуулахыг Ардын Сайд нарын Зөвлөлд даалгаж, шинэ үсгийн төлөвлөгөөг олон нийтийн хурал зөвлөгөөн, хэвлэлүүдээр дамжуулан өргөн шүүмжлэн хэлэлцүүлэх, шинэ үсгийг хэрэглэх тухай төлөвлөгөөг боловсруулж, батлуулах хугацааг энэ оны IX сарын 1-нээр тогтоосугай” хэмээжээ.
1941 оны 2 дугаар сарын 1-нд БНМАУ латин үсгийг албан ёсны бичгээ болгожээ. Гэвч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ цуцалсан байна. Учир нь монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул ийнхүү цуцалсан гэжээ. Гэвч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлоготой холбоотой байсан байж магадгүй аж.
1941 оны II сарын 21-ны өдрийн МАХН-ын Төв Хороо ба СнЗ-ийн хамтарсан хурлаар Латин үсгийг боловсруулах комиссоос олон нийтийн саналыг үндэслэн боловсруулсан 29 үсэгтэй латин үсгийн төлөвлөгөөг батaлж, 1941 оны III сарын 30-ны наана ардын ярианы хэлэнд ойр, сурахад хялбар шинэ үсгийн түр дүрэм боловсруулан гаргахыг ШУХ-д даалгасан байна.
ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яам хамтран “1941-1944 оны I сар хүртэл бүх хүмүүсийг үе шаттайгаар латин үсэгт сургах, хэвлэлийн ажлыг мөн үсгээр гүйцэтгэсний үндсэн дээр 1944 оны I сараас эхлэн хуучин монгол бичгийг хэрэглэхийг зогсоох” төлөвлөгөөг гаргасан байна. Уйгуржин монгол үсгийг латин үсгээр солиход хэрэглэх ном зохиол, сурах бичиг латин үсгээр өргөн хэвлэх бололцоо хангалтгүй, хэвлэх машин техникийн дутагдалтай зэрэг бэрхшээл их гарчээ.
Энэ үед буюу 1941 оны III сарын 25-ны өдөр МАХН-ын Төв хороо болон Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хуралд Ю.Цэдэнбал “Кирилл үсэг авч хэрэглэх” гэсэн илтгэл уншсанаар латин үсэгт шилжих тогтоол нэг сарын хугацаанд л хүчинтэй хэрэгжсэн байна.
1941 оны III сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас “соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн холбоог бэхжүүлэх, түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно. Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхийлэн хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр ба аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх мэргэжил бүхий үндэсний боловсон хүчнийг гол төлөв ЗХУ-д явуулан боловсруулж бүхнийг харгалзан үзэж, монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал ” хэмээн үзээд орос үсэг дээр үндэслэсэн шинэ үсгийн төлөвлөгөөг нийтээр хэлэлцүүлэн саналыг харгалзан “1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн бүх хичээлийг шинэ үсгээр явуулах, бүх сонинг шинэ үсгийн булантай болгож кирилл монгол үсгээр өгүүлэл, материал хэвлэх улсын хэмжээгээр шинэ үсэгт шилжин орох хугацааг нэг сарын дотор боловсруулах…”-ыг ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яаманд тус тус даалгажээ.
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдээс 1942 онд “Ард түмнийг шинэ/кирилл/ үсэгт сургах тухай” тогтоол гаргаж, шинэ үсгийн багш 318 хүнийг бэлтгэн баг, хороодод шинэ үсгийн бүлгэмүүдийг байгуулан хичээллүүлсэн зэргийг дурдаад бичиг үсгийн бүлгэм олноор байгуулахыг зааж, шинэ үсэгт суралцах нь ард түмний боловсрох үүргийн хэрэг мөн хэмээгээд 13-18 насны залуучуудыг шинэ үсэгт сургах явдлыг тэдний эцэг эхчүүдэд үүрэг болгожээ.
Энэхүү шинэ кирилл үсэг нь түүхэндээ шинэчилсэн орос үг дээр үндэслэж белорус, украин үсэг бий болсон ба XVIII-XIX зууны үед болгар, серб нар кирилл үсгээ шинэчлэхэд шинэ орос үсэг ихээхэн нөлөөлсөн байна. Кирилл үсгийн цагаан толгой нь маш баялаг олон үсэгтэй тул зарим үсэг нь илүүдэх шинжтэй болсон учир 1917-1918 онд орос үсгийг дахин шинэчилж, одоогийн хэрэглэж байгаа байдалтай болсон байна.
Манай шинэ кирилл үсэг нь энэ сүүлчийн шинэчилсэн орос үсгийг үндэс болгожээ. Энэхүү кирилл үсгийн цагаан толгойн бүрэлдэхүүнийг авч үзвэл, орос хэлний цагаан толгойн 33 үсэг дээр ө, ү хоёрыг нэмсэн байна. Эдгээр үсгүүдээ эгшиг долоо, туслах зургаан эгшиг(я, е, ё, ю, ы, й), 20 гийгүүлэгч, ъ, ь-тэмдэг үсэг гэж хуваажээ. Шинэ үсгийн дүрэм нь авиа зүйн зарчим буюу хэлдэгтээ ойртуулах зорилгыг голлосон бөгөөд хэл шинжээчдийн үзэж байгаа нь үгзүй буюу хэлбэр судлалын зарчмыг баримталсан бол хэв шинжийн хувьд монгол зэрэг алтай овгийн залгамал хэлний онцлогт илүү тохирох байсан байна.
1945 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурал болж “шинэ үсэг сурах ажил маш хангалтгүй явж ирсэн ба энэ хэр шинэ үсэгт суралцсан хүмүүс тус улсын хүн амын дөнгөж 20 хувь хүрчээ ” хэмээн үзээд “бүх хэвлэлийн ба улсын албан хэргийг 1946 оны I сарын 1-ээс шинэ үсгээр явуулсугай ” хэмээн тогтоол гаргав. Энэ нь монголчуудыг кирилл үсэгт эргэлт буцалтгүйгээр хүчээр оруулсан тогтоол байлаа.
1941-1948 онд бүгд 295807 хүнийг бичиг үсэгт сургажээ . Энэ нь нийт хүн амын 40% болж байгааг тэмдэглэжээ. 1940-1948 онд насанд хүрэгчдэд зориулж, “Цагаан толгой”, “Насанд хүрэгчдийн тоо бодлого”, “Дэлхийн байдлын бичиг”, “Эх орны дайны тухай”, “Манай эх орон” зэрэг 15 төрлийн номыг 5000-75000 хувиар хэвлэн гаргажээ. Үүнээс үзвэл, насанд хүрэгчдийг зөвхөн бичиг үсэгт сургаад зогсоогүй ерөнхий боловсролын төвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн ба үүнд зориулан 1940-1948 оны хооронд нийтдээ 6317070 төгрөг зарцуулж байсан байжээ.
1940-өөд оны дунд үед шинэ үсгийн сургалтын талаар тогтмол хэвлэлийн мэдээнд бичсэнийг сонирхвол: “Шүүх яам, Улсын прокурорын дэргэд мөн хоёр дугуйлан байвч багш нь тогтворгүй, заах арга муутай учир сурагчдын сурлага тун муу. Дээд дугуйлангийнх нь эгшиг, гийгүүлэгч хоёрын ялгааг одоо хүртэл мэддэггүй, Шүүх яам ажилчдаа шинэ үсэгт сургах тухай тушаал гаргасан боловч биелэл нь юу болж байгааг огт мэдэхгүй сууж байна. Энэ мэт ажилчин албан хаагчиддаа шинэ үсэгт сургах ажлыг Холбооны яам, Хотын гар үйлдвэр зэрэг газрууд тун муу зохиож байгаа нь илэрлээ” , мөн “Сэлэнгэ аймгийн хоёр орлогч дарга нөхөр Цүлтэм, Галсанбалдан нар сонин шууд уншиж хоёулаа чадахгүй үсэг тоолж байхыг хөндлөнгөөс харахад аягүй байв. Удирдаж байгаа хүмүүс нь ийм байгаагийн харгайгаар олонх хариуцлагатай ажилтан нь сонин хэвлэл ашиглаж чаддаггүй …” гэх мэт дутагдал, шүүмжлэлүүд ч гарч байв.
Хэдий тийм боловч МАХН болон засгаас ард нийтийг бичиг үсэгтэн болгох талаар авсан арга хэмжээ нь зохих үр дүнгээ өгөв. Жишээлбэл, 1940-өөд оны үед хуучин монгол бичиг мэдэгчид улсын нийт хүн амын 20 гаруй % -ийг эзэлж байсан бол 1947 оны байдлаар улсын нийт хүн амын 42.2 % болон өссөн байна. 1947 оны XII сард хуралдсан намын XI их хурлаас тогтоохдоо: “…насанд хүрэгчдийн дунд бичиг үсэг үл мэдэр явдлыг арилгахын тулд ойрын гурван жилийн дотор насанд хүрсэн бүх хүмүүсийг бичигт сургах, насанд хүрэгчдийн сурах бичгийг буй болгож, бага мэдэгчидтэй ажиллах ажиллагааг сайжруулах…” -ыг зааж өгсөн байдаг. Мөн “…аймгийн Гэгээрлийн хэлтсүүд бичиг үсгийн комиссуудаас бичиг үсгийн бүлгэмүүдийн хичээлийн чанарыг сайжруулах, аймгийн төвүүдийн бичиг үсгийн орон тооны багш нарын мэргэжлийг дээшлүүлэх нэг сарын курс явуулах, Шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран монгол хэлний авиа, үг, өгүүлбэрийн сургаалыг агуулсан хялбарчилсан, хэлний сурах бичиг, үсэг бичиг бага мэдэгчдийн уншихад зориулж түүх, Үндсэн хууль, Зөвлөлтийн газар зүй, Монголын газар зүй, биологийн элемент, мал аж ахуй, хими, физик, байгалийн элдэв үзэгдлүүдтэй холбогдуулан эмнэлгийн хялбархан зөвлөмжүүдийг агуулсан унших номыг нийтэд ойлгоход хялбар хэлээр боловсруулан бичиж …хэвлэхэд бэлтгэх, …Ц.Дамдинсүрэнгийн зохиосон үсэглэлийг 50000 хувь, шинэ үсэгт сургах заах аргын товхимол 5000 хувь, хэрчмэл цагаан толгой 50000-ыг тус тус хэвлэхийг үүрэг болгожээ”.
Олон нийтийн ба засаг захиргаа, үйлдвэр, аж ахуйн бүх албан байгууллагууд өөрсдийн ажилчин албан хаагчдыг бичиг үсэгт заавал сургахаас гадна бичигтэн бүр гурваас доошгүй хүнийг бичигтэн болгох үүрэг бүхий болгожээ. Тэр дундаа соёл, гэгээрэл, шинжлэх ухааны байгуулагууд ард түмний бичиг үсэг үл мэдэх явдлыг устгахын тулд бүх ажлаа эрчимтэй чиглүүлж чадсан юм. Нам, төрөөс шинэ үсэгт сургах, үйл ажиллагааны бэлтгэл ажил болох сурах бичиг, сурах арга зүйг боловсронгуй болгох талаар шинжлэх ухааны ажилчин-судлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн.
1958 онд шинэ үсгийн дүрмийг сайжруулах сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон улсын эрдэмтдийн хурал дээр Ш.Лувсанвандан, Б.Ринчин, Я.Цэвэл, Б.Содном, Л.Мишиг, Э.Мандуй, Н.Надмид, Т.Пагва, А.Лувсандэндэв, Д.Чойжилсүрэн, н.Жамбалсүрэн, Б.Цыдэндамбаев, Ц.Содном-Юнрэн, Гэрэлцог, Цэрэндулам, Эрдэнэтогтох нарын хэл шинжлэлийн томоохон эрдэмтэд оролцож, “…үгийн үндэс, дагаврын хэлбэрийг эвдэхүй, тогтвортой болгох, шилжих гээгдэх, балархай эгшгийн дүрмийг хэрэглэхээ болих эгшигт долоо, заримдаг есийн дүрмийг хэрэглэхээ болих…” гэх мэт олон санал, зөвлөмжийг гаргажээ.
Хожим академич Ш.Лувсанвандан “Орчин цагийн Монгол хэлний зүй” бүтээлдээ, “…орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиаг ардаа байнгын эгшигтэй, эгшиггүй байдаг талаас нь авч үзвэл харин одоогийн заримдаг гийгүүлэгч нь эгшигт гийгүүлэгч, эгшигт гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгч болох юм…” хэмээн дүгнэсэн байдаг нь “Үсгийн дүрэм”-д шинжлэх ухааны үндэстэй хандах, авиа зүйн туршилтыг анхаарахыг чухалчлан үзжээ. Тиймээс ч академич Ш.Лувсанвандан “Орчин цагийн Монгол хэлний зүй” бүтээлээрээ 1967 онд БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн.
Ийнхүү нийт хүн амыг шинэ бичигт сургах ажил 1950-иад оны сүүлчээр төгсгөл болж, 1955 онд насанд хүрэгчдийн оройн сургууль байгуулсан нь манай улсын боловсролын түүхэнд “оройн сургууль”, “хөдөлмөрчдийн боловсролын сургууль” хэмээх шинэ ухагдахуун танигдсан байна.
Монгол улсын хөгжил, дэвшилд шинэ үсэгт шилжсэн явдал нь ихээхэн дэвшилтэт зүйл болсон бөгөөд 1940-өөд онд хүн амын 20 гаруй хувь нь бичиг үсэгтэй болж эхэлж байсан бол 1950-иад оны сүүлчээр гэхэд шинэ крилл үсгийг бүрэн судалж, суралцсан нь шинэ цагийн Монголын оюуны соёлын хөгжилд үнэмлэхүй ач холбогдолтой байсан билээ.
Монгол бичиг үсэгт сургаж байгаа нь
Монгол бичиг үсэгт сургаж байгаа нь
Шинэ латин үсгийг батлах тухай МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтран хуралдсан 17/13 дугаар хурлын тогтоол.1941.02.21
Шинэ /латин/ үсгийг бүх ажилчин албан хаагчид ба ардуудад яаралтайгаар сургахын тул латин үсгээр сонин, сэтгүүл хэвлэх тухай МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 2 дугаар хурлын тогтоол
Хөдөлмөрчин ард иргэдийг шинэ кирилл үсэгт сургаж буй нь. 1940-өөд оны эхэн үе
Хөдөлмөрчин ард иргэдийг шинэ кирилл үсэгт сургаж буй нь. 1940-өөд оны эхэн үе
Бүх хэвлэлийг шинэ үсэгт шилжүүлэх талаар улсын хэвлэл ба хэвлэх үйлдвэрээс хийж байгаа ажлын тухай МАХН-ын Улс төрийн товчооны 49 дүгээр тогтоол. 1945.08.30
Хөдөө орон нутгийн ард иргэдийг шинэ үсэгт сургаж буй нь. 1940-өөд оны эхэн үе
Орос (кирилл) үсгийн машин авах тухай МАХН-ын НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн 34 дүгээр хурлын тогтоол. 1945.05.29
Бэлтгэсэн: МАЗУГ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од