Шинэ Зеландын эрдэмтэд сүнсэн акулын талаарх шинэ мэдлэгийг өгөх сүнсэн акулын түрс хөврөлийг олжээ. Түүнийг Шинэ Зеландын өмнөд арлын зүүн эргээс холгүй далайн ёроолд орших Чатхэм оргилоос 1200 гүнээс олжээ. “Маш ховор” олдворыг саяхан явуулсан судалгааны үеэр олсон гэж тус улсын Ус, Агаар мандлын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ. Шар өнгийн нимгэн хальсаар бүрхэгдсэн түрс хөвхөр тэндээ бойжиж, бүрхүүл хальсныхаа уургаар хооллодог болохыг тогтоогоод байна.
Гүн усны амьтан болох сүнсэн акулыг шинжлэх ухаанд химаера гэж нэрлэдэг бөгөөд цэлцэгнүүр загас мэт тунгалаг биетэй, нэвт гэрэлтдэг, биологийн зарим хэв шинжээрээ акултай төстэй тул түүнийг сүнсэн акул гэдэг. Нутгийн иргэд харх загас гэж нэрлэх нь ч бий. Сүнсэн акул бие гүйцэхдээ 1,5 метр урттай болдог бөгөөд мөгөөрсөн арга ястай байдаг аж. Тэд далайн 2600 метрийн гүнээс эхлэн амьдардаг байна.
Энэхүү нээлтийг хийсэн багийн бүрэлдэхүүнд багтсан загас агнуурын эрдэмтэн Брит Финуччи хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид сүнсэн акулуудын талаар тийм ч сайн мэдэхгүй. Бидний мэддэг зүйл бол ихэнхдээ бие гүйцсэн сүнсэн акулын сорьцоос гардаг. Иймээс эдгээр төрөл зүйлийн үр хөврөл олдох нь маш ховор. Тиймээс би маш их сэтгэл хөдөлсөн. Биологийн хувьд ойлгомжгүй зарим зүйлс илүү тодорхой болно” гэжээ. Сүнсэн акул нь мөгөөрст загасны хамгийн эртний өвөг юм байна.