Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулууныг Монголд танихгүй хүн цөөн. Уртын дуучин Ширмэнтуяагийн хадам ээж, мисс Аззаяагийн авга эмээ гэгддэг тэрээр хэзээнээс уран цэцэн үгтэй нэгэн.
Уран уншлага бол ярианы дээд хэлбэр хэмээн шавь нартаа сургадаг тэрээр “Уншина гэдэг маш их мэдрэмж, ухаан байгаа юм. Ухаан сайтай хүн юм уншиж чаддаг. Тэрийг яаж хүргэх вэ гэдэг мэдрэмж, өөрөө өөрийгөө чиглүүлж, хөтөлж, татаж, үзэгчийн зүрхийг өөрийнхөө зүрхтэй холбох нарийн сэжим байна аа, шүншиг байна аа.
Бидний уншсан юм таны зүрхэнд суучихсан гэсэн үг. Зүрхэнд суучихсан учраас яг түүгээр нь хүлээж аваад байдаг. Анхны юм хэдий чинээ гүн, хэдий чинээ зүрх сэтгэлд хоногшиж чадна тэр хэзээ ч мартагддаггүй. Дараа нь өөр юм гарлаа ч тэрийгээ л хүлээж авч байдаг.
Нарийн сэжим, шүншиг хоёр хамтдаа явж байж уран бүтээлчийн зүрхнээс үзэгчийн зүрхэнд очно. Зүрхнээс зүрхэнд. Үзэгч уран бүтээлч хоёрын хооронд гүүр үүсдэг.
Тэр гүүр цаасан гүүр байх юм уу, модон байх уу, төмөр гүүр байх юм уу, усан гүүр байх юм уу гэдэг нь уран бүтээлчээс шалтгаалдаг. Тэр гүүр нь хэдий чинээ бат бөх, уран нарийн хийцтэй байна.
Тэр хэрээр уран бүтээл нь нандин байдаг. ” гэж нэгэн хэвлэлд ярьсан байдаг.