“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг”, “Түцний охид” зэрэг кинонд тоглож, олонд танигдсан жүжигчин , Соёлын тэргүүний ажилтан Т.Хулан саяхнаас дахин УДЭТ-таа эргэн ирж, тайзнаа гарах болсон.
Түүний хувьд 2006 онд УДЭТ-т орж, 2014 оныг хүртэл ажиллаж байгаад тайзаа орхиж байсан юм. Энэ хугацаанд найруулагч Д.Галбаярт хоёр хүү төрүүлж өгсэн. Тэрээр “Амьдралын шаардлагаар театраа орхисон. Маш их санадаг, маш их зүүдэлдэг” хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулан ярьж байсан удаатай.
Харин тэрээр найман жилийн дараа ийнхүү дуртай ажилдаа эргэн орсноор нүдний гал цог нь сэргэж, илүү эрч хүчтэй болсон байна.
Жүжигчин Т.Хулан урьд нь УДЭТ-ийн тайзнаа “Найзууд”, “Бооцоо”, “Хориотой жүжиг”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Гамлет”, “Лусын дагина”, “Норовын намтар”, “Ээжээ”, “Гамлет” зэрэг жүжгүүдийн гол болон туслах дүрд тоглож байсан бөгөөд театрын шилдэг жүжигчдийн нэг байсан юм. “Лусын дагина” жүжгийн Лусын дагины дүрээр “Гэгээн муза” хүртэж байсан Т.Хулангийн аз жаргалтай гэрэл зургуудыг сонирхуулж байна.