Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгсөн.
Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа систем ашиглаж байна.
Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
- 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
- 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байна гэсэн мэдээллийг өнөөдрөөс иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.
Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.
И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно гэв.
Мөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр “Авлига авч, тойргийн бус хүүхдүүдийг бүртгэдэг хэд хэдэн сургуулийн бүртгэлийг ил тод хийнэ. Энэ хяналтыг үндэсний цахим шуудангаар давхар хийнэ. Бүх сургууль дээр биш гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд 15 сургууль, 20 цэцэрлэг яригдана” гэлээ.