Дорнын өнгө аятай бүтээлүүдээрээ энэ цагийн найрагчдаас ялгардаг уран бүтээлч бол Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж. “Номын баяр”-ын хоймрийг эзэгнэсэн түүнийг папараци дурандаа буулгалаа.
Цогтой бөгөөд гүн бодлогоширол, ахуйн анир гүмийг мэдэрсэн гэмээр тэр ерээд оны яруу найргийн бүгээн анир. “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ” гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар шиг шүлгүүдээ тэрлэн Монголын яруу найргийн торхонд үлдээсэн дорнын их найрагч. Ерөөс тэр байгаль болоод юмсын оршин тогтнолыг торгон мэдэрч, түүнийгээ тархи болон зүрхээрээ гүн гүнзгий боловсруулж, онож буулгадаг нэгэн.
Арван жилийн сурагчид түүний “Монголын их амар амгалан” шүлгийг цээжилдэг байсан. “Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын их амар амгалан” гэж эхэлдэг тэр шүлгийн өвгөн нь Ц.Бавуудорж найрагч өөрөө мэт санагддаг.
Ахуйн анир, амар амгаланг тэр ийнхүү соргороор мэдэрч, дотроо бясалгаж, эцэст нь бүтээл болгон гаргадгийн нэг жишээ түүний эл шүлгээр бүрнээ батлагддаг. “Эрдэнийн сормуусаа униарт дүрж адуу унтах, Монголын их амар амгалан” гэж мэдрэх нь хэд бол. Одоо энэ мөрийг ха нэг уншихад амар тайван болох шиг цаанаа нэг тайван мэдрэмж авдаг.

