Өвөрхангай аймгийн засаг дарга асан А.Ишдорж засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай И-г “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэрэгт нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх жолоо барих эрхийг нь гурван жил хасаж, нэг жил тэнсэн харгалзах ял авсан.
Үүнээс гадна А.Ишдорж Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйлчилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн хэргээр буюу бусдад эдийн засгийн давуу байдал олгосон хэргээр нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял авсан юм.
Түүний холбогдсон дахин нэг хэрэг шүүхийн шатанд байгаа. Тодруулбал, эхнэрийнхээ дүүгийн дансаар бусдаас мөнгө авсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан билээ. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.25/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болголоо.
Өмнө нь шүүхээс хоёр ч удаа ял сонссон Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийн хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

