“Хамаг Монгол” төслийн санаачлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд Найрамдах Тува улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан бие даасан тоглолтоо энэ сарын 30-ны 14:00 цагаас “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэрбээр тус тоглолтоо “уран бүтээлийн сүүлийн тоглолт болно” хэмээн мэдэгдлээ.
Дуучин С.Жавхлан тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдийнхээ мэлмий, сонорыг баясган цэнгүүлж, сэтгэлд хоногшсон хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлэн, нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхийг зорьж буй аж. Тоглолтод урилгаар нийтийн дууны салбарын ШИЛДГҮҮД оролцох юм. Тодруулбал,
-МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар,
-МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон бусад залуу уран бүтээлчид, Морин хуурын чуулга багтаж байгаа юм байна.
Тоглолтын өдөр цаг агаар дулаан, нарлаг байх төлөвтэй бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ахмад настан, тусгай хэрэгцээт үзэгчиддээ зориулж, ТУСГАЙ СУУДАЛ зассан гэдгээ онцоллоо.
Ташрамд дурдахад, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож буй бөгөөд тэд тоглолтод зориулж хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж, сонсогч үзэгчиддээ бэлэг барихаар болжээ.
Мөн тэрээр Тоглолт үзэх ахан дүүс маань “ДЭЭЛ”-тэйгээ хүрэлцэн ирээрэй.”Намар цагт даарах сайн” гэдэг ч “ДЭЭЛТЭЙ МОНГОЛЧУУД” хэзээ ч даарч байгаагүй” шүү гэлээ.