Зургийн тайлбар: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Тогтохбаярын Эрдэнэбат
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.23/ 11:00 цагийн байдлаар 24 түймэртэй байгаагаас 5 түймрийг цурамд оруулж, 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 311 хүн, 24 автомашин нийт 591 хүн, 36 автомашинтайгаар ажиллаж байна. Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 5 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-8, Мандал суманд-5, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тав биш Хүдэртэйн хэц, Шоргоолжийн өндөр, Янгаахай, Кабинтай ам, Янгаахайн эх, Өлөнтийн ам, Монгол алтны-Ард түмний ам гэх нийт долоон түймэртэй байгааг нутгийн иргэд батлан ярьж байна. Үүгээр ч зогсохгүй гал түймэр гарч байгаа энэ цаг үед удирдлага, арга зүйгээр ханган ажиллах ёстой сумын засаг дарга Тогтохбаярын Эрдэнэбат болон ИТХ-ын дарга нар ажлаа хийхгүй, баяр наадам, 100 жил хэсэж байгаа талаар бухимдаж байгаа аж.

Дарга удирдлага нь байхгүй тул сум, орон нутгийн иргэд хэдэн биенээ уриалж түймэр унтраахаар ажиллаж байгааг сумын группт байршсан байх юм.

Мэдээж хэрэг хэн ч ой хээрийн түймэр, байгалийн гамшиг хүсэхгүй. Харин ийм цаг үед найр наадмаа хойш тавиад түймэрт анхаарал хандуулахгүй бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сум сүүлийн хэдэн өдөр түймэрт шатаж дуусах эрсдэлтэй байгааг Сэлэнгэ аймгийн ЗД та анхаарна уу.

