Монголын төрийн албанд “гурван үсэгтэй” хэмээн нэрлэгдэх байгууллагуудын харилцан уялдаа, томилгоо, хяналтын асуудал олон нийтийн дунд удаа дараа шүүмжлэл дагуулсаар ирсэн. Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ, УИХ-ын харьяанд удирдлага нь томилогддог ТАЗ, АТГ, СЗХ зэрэг байгууллагуудын хоорондын хамаарал, хүний нөөцийн шилжилт, томилгоо бодит хяналтаас гадуур явагдаж байна гэх шүүмжлэл газар авсаар байна.
Эдгээр байгууллагууд хоорондоо бичиг шидэлцэж, иргэдийн өргөдөл гомдлыг “өөх ч биш, булчирхай ч биш” байдалд оруулдаг, хариуцлагыг нэгнээс нөгөөд шилжүүлэн замхруулдаг тогтолцоо бүрдсэн гэж төрийн албанд ажиллаж байсан эх сурвалжууд онцолжээ.
Тухайлбал, ХЭҮК-оос төрийн албанд хүний эрх зөрчсөн асуудлыг тогтоон, холбогдох ёс зүйн байгууллагад шилжүүлэхэд “манай чиг үүрэг биш” гэх тайлбараар буцаагддаг жишээ цөөнгүй. ЁЗХ уг асуудлыг хүлээж авахгүй үлдээх тохиолдол ч гардаг байна.
Мөн хууль бус, ноцтой гэж үзсэн томилгоонууд АТГ-аас ТАЗ-руу шилжиж, хэлбэр төдий шалгалтаар замхардаг, ҮАГ санхүүгийн зөрчил илрүүлсэн ч эцэстээ “үгүйсгэгдэх” тохиолдол бий гэх шүүмжлэл байна. Зарим үед ТЕГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч бодит үр дүнгүйгээр асуудал намждаг гэх мэдээлэл ч хөвөрчээ.
ШЕЗ олон даргатай, түр орлон гүйцэтгэгч олонтой бүтэцтэй, гарын үсэг, тамга барьсан хариуцлагагүй байдал газар авсан нь хүний эрх зөрчигдөх, хууль бус томилгоо тогтмол давтагдах хөрсийг бүрдүүлж байна гэж үзэх үндэслэл бий.
Төрийн албанд нийт 226 мянга гаруй албан хаагч ажиллаж буй ч хууль бус томилгоотой, хууль зөрчсөн шийдвэр гаргасан удирдлагууд бодит хариуцлага хүлээдэггүй байхад шударга ёс, цомхотгол, шинэчлэлийн тухай ярих нь утгагүй гэдгийг нийтлэлд онцолжээ.
Эцэст нь, нэрийнхээ өмнө “Монгол Улсын” хэмээн бичдэг эдгээр байгууллагууд хуулийг хэрэгжүүлэгч байхаас биш, хуулиар “тоглогчдын” баг биш байх ёстойг сануулж байна.
https://www.facebook.com/share/1AUi4QJBsC/?mibextid=wwXIfr

