Хүн бүрт хувийн орон зай, хил хязгаар гэж бий. Гэвч монголчууд бид банкинд дугаарлахаас эхлээд автобусанд, гудамжинд, дэлгүүрт гээд хаа явсан газраа бусдынхаа орон зай, эрх чөлөөнд халдаад сурчихсан улсууд. Яг энэ сэдвээр “Аюулгүй сонголт” олон улсын хөтөлбөрийн менежер, гэр бүл судлаач, магистр Г.Өнөрцэцэгтэй ярилцлаа.
Хүмүүс энэ бол миний хувийн орон зай гэж ярьдаг хэрнээ хувийн орон зайгаа хэрхэн бүрдүүлж, яаж хамгаалж явах ёстойгоо тэр бүр мэддэггүй. Хувийн орон зай гэж яг юу юм бэ?
Тухайн хүний өөрөөрөө байх, тэр хүнийг аюулгүй, тав тухтай байлгадаг тэр орон зайг хэлж байгаа юм л даа. Үүнд хувийн соёл маш чухал. Хүнд дараа болохгүй байх буюу хувийн соёл нь хувийн орон зайн хамгийн чухал хэсэг. Өөрөөр хэлвэл өөрийнхөө орон зайг бий болгож байгаа нь энэ гээд бусдын орон зай руу халдаад байж болохгүй. Хүнд бие махбодын, сэтгэл санааны гээд олон төрлийн хувийн орон зайн хэрэгцээ байдаг.
Америкийн эрдэмтэн Эдвард Хайл гэдэг хүн өөрийн судалгаандаа үндэслээд 1960 онд хүмүүсийн харилцааны дөрвөн үндсэн бүсийг гаргаж ирсэн байдаг.
Дотнын бүс: Тухайн хүний гэр бүлийн болон хамгийн дотнын найз нөхөд нь багтана гэж үзсэн. Энэ эхний бүсийн хэмжээ нь 0,5 метр байх жишээтэй. Өөрөөр хэлвэл тухайн дотнын хүмүүсээ тэвэрч болох хэмжээний зай гэсэн үг.
Албаны бүс: 1,5-3 метрийн зайтай байвал зохино. Үүнд тухайн хүнтэй ажил, амьдралын шаардлагаар харьцаж байгаа хүмүүс багтана.
Олон нийтийн бүс: Үүний хэмжээ нь 3 метрээс илүү гэсэн үг. Нэг жишээ татъя. Би саяхан Инчоны онгоцны буудлаас Монгол руугаа ирэх гээд зогсож байсан юм. Тэнд япон, монгол хоёр эмэгтэй зогсож байлаа. Монгол эмэгтэй нь тэр япон эмэгтэйтэй харьцахдаа хэтэрхий наалдаж ойртоод илэнд далангүй, хамаагүй харьцаад байсан тул япон эмэгтэй нь уурласан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл монгол эмэгтэй танихгүй хүний хувийн орон зай руу хэтэрхий халдсан гэсэн үг л дээ. Тиймээс япон эмэгтэй уурлаж, эгдүүцсэн.
Монголчууд бид гудамжинд бие биенээ хамаагүй шүргэж, мөргөхөөс эхлээд нэгийнхээ хувийн орон зайд халдаад тоохгүй сурчихсан хүмүүс шүү дээ?
Хамгийн энгийн нийтлэг жишээ бол АТМ-д оочерлох явдал. Монголчууд АТМ-д оочерлохдоо үйлчилгээний соёл гэдэг зүйлийг ор тас мартаж орхидог. Адгийн наад зах нь АТМ-д оочерлохдоо ард нь зогсох ёстой зураасын ард зогсдог Монгол хүн бараг байдаггүй. Ганц АТМ ч биш олон нийтийн газарт үйлчилгээний соёлыг ихээхэн алдагдуулдаг хүмүүс шүү дээ. Нэгийнхээ гэрт урьдчилж хэлэлгүйгээр гэнэт ороод ирэх нь ч хүртэл тухайн хүний, гэр бүлийн хувийн орон зайд халдаж байгаа хэрэг мөн.
Интернэт орчин, олон нийтийн сүлжээнд хувийн орон зай ямар байх хэрэгтэй вэ?
Фэйсбүүк бол яахын аргагүй тухайн хүний хувийн орон зай мөн. Тэр хүн өөрийнхөө фэйсбүүк рүү зүгээр нэг нэвтрэхгүй хувийн нууц үгээ хийж ордог. Тиймээс энэ бол яалт ч үгүй хүний хувийн орон зай юм. Интернэт орчинд цагаа хэрхэн зөв боловсон өнгөрүүлэх үү, өөрт хэрэгтэй мэдээллээ яаж олж аваад хэрэггүйгээсээ хэрхэн татгалзаж, цагаа хэмнэх үү гэдгээ хүмүүс өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө шалдан нүцгэн зургийг олон нийтийн сүлжээнд оруулах нь соёлгүй, бүдүүлэг явдал. Энэ нь бас л хувийн орон зайтай холбоотой асуудал.
Бусдын зураг, постон доор элдэв хоёроор хараал ерөөл, бүдүүлэг үг хэллэг бичих чинь тухайн хүний хувийн орон зайд халдаж байгаа хэрэг.
Өөрийнхөө хувийн орон зайг зарлан тунхаглаж байна гээд бусдын эрх чөлөөнд халддаг талаар юу хэлэх вэ?
Фэйсбүүкт хүмүүс “энэ миний л орон зай” гэж үзээд хүссэн зүйлээ шэйрлэж, постолдог болсон. Тэдгээрийн дотор таныг тавгүйтүүлж тухгүйтүүлэх, сэтгэл санаагаар унагаах тийм шэйр, постууд ч явж байх жишээтэй. Цаашилбал бид өдөр тутамдаа бие биенээ тэвэрч уулзалддаг. Тэврэхэд хүртэл хүний хувийн орон зайн асуудал яригдана. Бүтэн тэврэлт, дотно тэврэлт, таны орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тэврэлт гэх мэтээр олон янз. Дөнгөж үерхэж эхэлж байгаа, анх удаа болзоонд явж байгаа хосууд шууд л бие биенээ бүтэн хэлбэрээр тэврээд эхлэх нь тийм ч тохиромжтой биш. Шууд дотно харьцаанд орохыг шаардах чинь хүртэл тухайн хүний орон зайд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Тиймээс юу хүсч байгаагаа, өөрийнхөө орон зайг яаж хамгаалах хүсэлтэй вэ гэдгээ нөгөө хүндээ ойлгуулж чаддаг байх хэрэгтэй.
Хайртай хүнээ тэвэрдэг тэр тэврэлтээрээ ажлынхаа газрын хүнийг тэвэрч болохгүй гэсэн үг байх нь ээ? Зарим хүмүүс би угаасаа л ийм нээлттэй хүн гээд л дөнгөж танилцсан хүнтэйгээ дотно байдлаар хандаад байдаг.
Ажлынхаа хамтрагчийг ээж нь охиноо тэвэрч байгаа юм шиг, эсвэл хайртай хүнээ тэвэрч байгаа мэт удаанаар тэвэрч болохгүй л гэсэн үг. Ингэснээр та тэр хүнийхээ хувийн орон зайд хэт бүдүүлгээр халдаж байгаа хэрэг.
Хүний орон зайд гаднын хүн бүдүүлгээр халдаад ирэхээр нөгөө хүн нь хаширлаж, биеэ хамгаалаад хамгаалалтын хэлбэрт шилжчихдэг.
Зарим нэг хүмүүс бусад руу муухай харц чулууддаг, эвгүй хардаг зэрэг нь үүнтэй шууд холбоотой. Хүмүүс тэр хүний хувийн орон зайд хамаагүй нэвтэрсээр байгаад хэтэрхий хашир болгочихсон гэсэн үг.
Гэр бүл дотроо хувийн орон зайгаа яаж хамгаалж, ямар түвшинд байлгах ёстой юм бэ? Хосуудын хувьд хувийн орон зай нь ямар байх хэрэгтэй вэ ?
Гэр бүлийн харилцаа нь итгэлцэл дээр тогтож явагддаг. Итгэлцэл байхгүй бол тухайн гэр бүлийн харилцаа хүндэрдэг. Америкийн нэрт эрдэмтэн Авраам Масловын хүний төрөлхийн таван хэрэгцээний онол гэж бий. Үүгээр бол хүнд хамгийн түрүүнд хайрлуулах, хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, мөн өөрийгөө төгөлдөршүүлэх хэрэгцээнүүд багтдаг.
Эхнэр, нөхөр хоёр бид хоёрт одоо нуух зүйл гэж байх ёсгүй гэж боддог. Мэдээж хэрэг бие биенээ хуурчихаад түүнийгээ нууж байгаа бол энэ маш буруу. Харин бие биеийнхээ гар утсыг заавал шалгах гээд байдаг нь буруу л даа. Итгэлцэл байхгүй учраас л гар утсыг нь шалгах гэж оролдож байгаа хэрэг. Ийм тохиолдолд тухайн эхнэр, нөхөр хоёрт хувийн орон зай заавал байх ёстой.
Хайртай хүнээ хардах, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох, өөрийнхөө үзэл бодлыг тулгах зэрэг нь хувийн орон зайд нь халдаж байгаа явдал мөн.
Хүүхдэд хувийн орон зай нь ямар байвал зохистой вэ?
Хүүхэд бол бусдын л адил бие хүн. Тиймээс хувийн орон зай гэж заавал байх ёстой. Хүүхдээ бусдын хүүхэдтэй харьцуулахгүй байх нь тухайн хүүхдийн орон зайд халдахгүй байх хамгийн том соёл.
Хүүхэд тэр бүр өөрийгөө үгээрээ илэрхийлж чаддаггүй учраас тоглож байгаа тоглоомоороо хүсэл эрмэлзлээ илэрхийлдэг. Тиймээс бага насны хүүхэд тань тоглоомоо өвөртлөөд унтах гэвэл бүү саад хийгээрэй.
Өсвөр насны хүүхдийг аав, ээжүүд нь хэтэрхий зааж зааварлаж, өөрийнхөөрөө байлгах гэдэг. Энэ бол буруу. Мөн бага насны хүүхэд дээр аюулгүй байдлын орон зай гэж байх ёстой. Биеийнх нь эмзэг хэсэгт танихгүй хүн хүрэх ёсгүй, танихгүй хүн хамт явъя гэвэл дагаад явж болохгүй зэрэг аюулгүй байдлын орон зайтай нь холбоотой зүйлсийг хүүхэддээ багаас нь хэлж ойлгуулж хүмүүжүүлэх хэрэгтэй.
Өөрийнхөө орон зайг хамгаалж чадаж байгаа шигээ бусдын орон зайд халдахгүй байх талаар та зөвлөөч?
Та өөрөө хүмүүст “Үгүй” гэж хэлж чаддаг шигээ бусад хүмүүс ч бас танд “Үгүй” гэж хэлэх эрхтэй гэдгийг ойлгоорой. Гэхдээ мэдээж эелдгээр “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй.
Соёлын ялгаа гэж та ярьсан. Манай гэрийнхэн, манай нутгийнхан үүнийг ингэж л хийдэг, ингэж хэлдэг гэх мэт ялгаатай байдал нь бусдын хувийн орон зайг хүлээн зөвшөөрөх, эсвэл эсэргүүцэх, халдах нэг шалтгаан болоод байх шиг?
Тухайн хүний өссөн орчин, нутгийн онцлог, соёлын ялгаа гэж байлгүй яахав. Гэхдээ ийм зүйлийг яг байгаагаар нь хүлээгээд авч сурахад буруудахгүй. Дасан зохицох гэж нэг зүйл байна. Миний нэг танил монгол охин гадаадад сурах гэж очоод вьетнам охинтой нэг өрөөнд орж л дээ. Гэтэл нөгөө вьетнам охин нь шөнө унтахгүй юм хум түжигнүүлэхээс эхлээд монгол охины хувийн орон зайд хэтэрхий халдсан байдаг. Тэгээд монгол охин маань сургуулийн удирдлагадаа би өөр хүнтэй, эсвэл ганцаараа нэг өрөөнд баймаар байна гэж хүссэн боловч сургуулийн удирдлага нь үүнийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн байна. Ингээд манай монгол охинд дасан зохицохоос өөр зам үлдээгүй.
Би энд зарим тохиолдолд өөрийнхөө ирээдүйн төлөө дасан зохицохоос өөр зам байдаггүй гэдгийг онцолж хэлэх гэсэн юм. Мөн зарим тохиолдолд чи миний хувийн орон зайг зөрчөөд байна гэдгийг наргиа хошин байдлаар илэрхийлж хэлэх арга байдаг. Бас тухайн хүндээ заавал газар дээр нь шууд эсэргүүцлээ илэрхийлэхгүйгээр шууд бус аргаар эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой шүү дээ. Жишээ нь түрүүний монгол охины хувьд вьетнам охинд шөнө оройн цагаар хэтэрхий их битгий түжигнээд бай гэдгийгээ ханан дээр бичиг наах замаар илэрхийлж болох байсан.