Төсвийн тодотголыг толгойтой болгон л ярьж байна. Зөвөө зөв. Гэхдээ юманд учир суманд гичир гэж. Хаанаас, юунаас, хэрхэн хэмнэхээ зөв тодорхойлох учиртай.
Ганцхан жишээ, төрийн байгууллагуудын төсвийг танах хэмжээ хувиар авч үзье.
- Ерөнхийлөгчийн Тамгын газар- 12%
- Сангийн сайд – 7,3%
- ТЕГ – 9,6%
- Сангийн яам – 4,6%
- Ерөнхий аудитор -10,9%
- Улсын ерөнхий прокурор – 8,3%
- АТГ – 3,4%
- УДШ-ийн Ерөнхий шүүгч – 14,5%
- ШЕЗ – 20,6% (Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар – 100%)
- Статистикийн хороо- 13%
- Монгол Улсын Шадар сайд – 8,4%
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд- 4,4%
- Боловсролын сайд-4,5%
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд- 11,4%
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд-3,9%
- Зам тээврийн сайд- 7,1%
- Эдийн засаг хөгжлийн сайд- 5,4% гэх мэт.
Эндээс нэг л зүйл эргэлзээтэй. Сангийн яам төсөв танахдаа шударга ёсны зарчмыг баримталж чадаж байна уу гэдэг хардалт хаа сайгүй үүсээд байна. Ямраас нь 20, ямраас нь гурав, дөрөвхөн хувийг хасав. Ийм эрс тэс, хэт ялгавартай байдал яагаад үүсгэв.
Засаглалын гурван тулгуур багана гэж хуулиндаа “тунхагласан” ч Засгийн газраас жил бүр төсвөө “алга тосон” гуйдаг шүүхтэй улс ардчилсан тогтолцоотой аль ч улсад байхгүй.
Нийгмийн хөгжлийг дагаад шүүхээр эрхээ хамгаалуулах иргэдийн тоо жил бүр өсөж байна. Өнгөрөгч 2024 оны байдлаар 179 мянга 293 хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ. Түүний ард шүүхээр нийт 400 мянга гаруй иргэд үйлчлүүлсэн албан ёсны статистик дүн мэдээ байна.
Хэдэн зуун мянгаар яригдах энэ тоо шүүхийн ачаалал, эрэлт хэрэгцээний илэрхийлэл юм. Ийм байхад шүүхийн төсвийг шүүрч аваад хамгийн өндөр хувиар хасаж суугааг хараад суухад бэрх.
А.Баярмаа