Дуучин Б.Болдын хэрэг прокурорт шилжлээ
Нийтийн дуучид нэгдэж 2020 оны 05- сард арга хэмжээ зохион байгуулсан. Гэвч энэхүү арга хэмжээний үеэр МУСТА Баярын Болд бусдын биед халдаж, зодож танхайрсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгасан. Тодруулбал, дуучин Б.Болд нь бусын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Улмаар хэргийг прокурорт шилжүүлжээ. Хэргийг прокуророос гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүх рүү шилжүүлэх болно. Эсвэл хэргийг шууд прокурор дээрээ хаах болно.
Хэрвээ дуучин, МУСТА Б.Болдыг шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол тэрбээр дараах хуульд зааснаар ял авах болно. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасны дагуу ял авах юм байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.