Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани хэл аманд орох нь тун амархан.
Өмнө нь интернэтийн хурднаас бол үргэлж асуудалд орж, хэрэглэгчдээсээ гомдол сонсож байсан бол энэ удаад хэрэглэгчдээ алагчлан үзэж, төлбөр мөнгөнөөс чөлөөлсөн асуудал сошиалд хүчтэй давалгаалж байна. Хөл хориотой холбогдуулан хэрэглэгчдийн төлбөрийн авахгүй гэсэн мэдэгдэл гаргажээ.
Бодит байдал дээрээ уг мэдэгдэл нь хэрэглэгчдэд зөрүүтэй үйлчилж буй гэнэ. Энгийн хэрэглэгчдийн үйлчилгээг түгжсэн бол урлаг улс төр, олны өмнө амьдардаг хүмүүсийн хэрэглээг хязгаарлаагүй бололтой. Тус компанитай холбоотой асуудал сошиалд өрнөхтэй зэрэгцээд Юнивишнтэй гэрээтэй эсэх нь үл мэдэгдэх урлагийнхан учиргүй өмөөрч, өмгөөлж өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.
Тухайлбал, жүжигчин, хөтлөгч О.Цэнгэл өөрийн цахим хуудаснаа “Хүнд цаг үед төлбөр төлөх хугацааг минь түр ч болов хойшлуулж дэмжсэнд баярлалаа. Юнивишнтэй айл бүрийн утсанд энэ мессеж ирж байгаа. Зааврыг нь дагаж хариу мессеж илгээвэл таны төлбөр 12.01 хүртэл хойшлогдоно.
“Үнэгүй” болгосонгүй гэж бухимдаж байгаа зарим хандлага ажиглагдав. Яалаа гэж үнэгүй болгох ёстой билээ? Үйлчилгээ авсан нь үнэн, төлөх нь зүйн хэрэг. Энэ байгууллагын ард ч мөн олон гэр бүлийн өнөө маргаашийн талхны мөнгө яригдаж байгаа шүү дээ. Харин ч “хүнд үед талхаа ав, төлбөрөө дараа нь төлөөрэй” гэж хойшлуулж буй нь маш том нийгмийн_хариуцлага юм. Баярлалаа” гэжээ.