Оросууд идлэг шонхроо Ойрхи Дорнодын орнууд руу ил, далд зөөсөөр тоо толгойг нь барж буй гэдэг. Тус улс дахь идлэг шонхрын хамгийн том популяц оршдог Алтайн бүсэд гэхэд сүүлийн 15 жилд эл шувууны тоо 43.4 хувиар багасжээ.

Үүнд хяналтгүй экспорт, хууль бус ан голлох нөлөө үзүүлсэн байна. Энэ төрлийн шувууг устахаас хамгаалах, тоо толгойг нь өсгөх зорилготой томоохон фермүүд Оросод идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон ч шонхрыг бизнес, мөнгө хэмээн хардаг, хулгайгаар болон хуулийн дагуу гэх гэмгүй үгээр халхавчлан хил давуулдаг хүмүүсийн хэргийг “цайруулж” хүчрэхгүй байгаа аж. Энэ харамсалтай мэдээг дуулсан, сонссон судлаач, эрдэмтэд Монголынхоо бодит төрх (идлэг шонхор хамгааллын)-ийг толинд харсан мэт эмзгээр хүлээн авч, “Бид тэднээс ялгаагүй” хэмээн шогширч байна. Монголын махчин шувуу хамгаалах төвийнхөн “Шонхрын фермтэй хойд хөршид ийм харамсмаар үр дүн гарсан бол зөвхөн зэрлэг шонхортой, түүнийгээ хил давуулан хайр найргүй зөөдөг Монголын байдал бүр ч дор болсон. Монголчууд сүүлийн 20 гаруй жил шонхор экспортолсон бөгөөд тоо толгой нь хэрхэн хорогдсон нь тодорхойгүй” хэмээсэн юм.
Бид сүүлийн жилүүдэд идлэг шонхортой холбоотой “тоо бодлого” их бодсон. Өнгөрсөн онд төдөн шонхор хил давуулсан, энэ жил ийм тооныхыг гаргана, үүнээс өчнөөн сая төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжтой, арабуудад байгалийн нөөцөө үнэд хүргэн арилжих замыг У.Барсболд сайд агсан дардан болгож, түүний дараах сайд нар энэ үйл хэргийг нь залгамжлан үргэлжлүүлсэн, Н.Батцэрэг төдийг, Д.Оюунхорол хамгийн олныг, Н.Цэрэнбат түүнээс дутахааргүйг харийнханд бэлэглэсэн, экспортолсон гэх зэрэг зөрүүтэй мэдээлэл байнга гардаг. Тэр ч байтугай хууль бусаар эл шувууг барьсан, агнасан арабууд болон албан тушаалтнуудтай холбоотой хэргийн дуулиан үе үе олны анхаарал татдаг. Гэвч өдийг хүртэл хэчнээн шонхор гадаадынханд худалдсан, бэлэглэсэн, одоо хэчнээн тоо толгой үлдсэн бэ гэдэг хамгийн чухал баримт, статистикийг нууцлах, бүрхэг байлгах бодлогыг Монголын төр, засаг үеийн үед амжилттай хэрэгжүүлсээр ирэв. Эл шувууг арилжааны зорилгоор экспортлохыг хориглож, зөвхөн соёлын зориулалтаар, Засгийн газрын нууц тогтоолын хүрээнд хил давуулах шийдвэр гаргаснаас хойш энэ бүхэн улам гаарсан юм.
Харин Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-ын Байгаль орчин, загас агнуур, хөдөө аж ахуйн яамны харьяа Зэрлэг амьтны хууль бус худалдааны сорилтын сангийн санхүүжилтээр Лондоны амьтан судлалын нийгэмлэг, “Лийгэл Атлас” болон Монголын хараат бус судалгааны хүрээлэн зэрэг байгууллагаас өнгөрсөн онд гаргасан “Зэлүүд тал-2” тайлан, судалгааны үр дүн шонхрын экспортын бодит байдлыг илчилжээ. Монголчууд үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж, түүх соёл, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын бэлгэдэл болгосон жигүүртнээ төрийн бодлогоор, ямар ч тооцоо судалгаагүйгээр хоморголон устгаж буйг тэнд маш тодорхой, баримттай онцолсон байв.
“Монгол Улсаас экспортолж байгаа таван гол амьтны нэг нь идлэг шонхор. 1996-2015 онд энэ төрлийн 24 748 шонхор хил давуулсан. Энэ нь нийт зэрлэг амьтны экспортын 97 хувийг бүрдүүлж байна. CITES (Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц)-ийн хүрээнд хил давуулсан идлэг шонхрын тоо 83” гэжээ. Тодруулбал, албан ёсны зөвшөөрлөөр, төлбөр тооцоог нь авч, холбогдох журам, олон улсын гэрээ, конвенцыг баримтлан хуулийн дагуу экспортолсон шонхрын тоо ердөө 83 аж. Харин үүнээс 298 дахин их буюу 24 665 шонхор тодорхой бус байдлаар гадаад руу илгээсэн байна. Манай улсад ан агнуурын зохистой харьцаа хэрхэн алдагдсаны, Засгийн газрын нууц тогтоолоор халхавчилсан завхрал тартагтаа тулсны бодитой бөгөөд баримттай жишээ нь энэ
Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдын ажлаа өгөхийн өмнөхөн буюу 2020 оны хавар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны тооллогоор Монгол Улсад 13 000 орчим тоо толгой идлэг шонхор байгааг тогтоосон” хэмээн ярьсан бол яамных нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан үүнээс хэдхэн хоногийн дараа “Манай оронд одоогоор 10 000 гаруй шонхор тоологдсон. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай” гэж хэлсэн байдаг. Харин судлаачид тэдний ярьсан зүйлсийг бодит байдлаас газар, тэнгэр шиг зөрүүтэй хэмээн үгүйсгэж буй.<
Арабын орнуудад шонхрын судалгаа хийсэн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Т.Доржлхагваас энэ талаар тодруулахад “Монголд 13 000 орчим идлэг шонхор бий гэдэг нь дэндүү өрөөсгөл мэдээлэл. Тийм байх боломжгүй. Ерөөсөө дэлхий дахинд 10 000 хүрэхтэй, үгүйтэй идлэг шонхор үлдсэн.
Тиймээс ч энэ төрлийн шувууг устах аюулд ойртсон, эмзэг зүйл гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Идлэг шонхрын нөөцийн 70 гаруй хувь нь Монголд бий гэдэг ч үндэслэлгүй. Харин зонхилох хувь нь Төвөдөд бий. Гэхдээ тэд манайх шиг дипломат харилцаа, соёлын зориулалт гэх нэрийдлээр эл шувууг экспортолж, тоо толгойг нь хороодоггүй” гэв.

