Олимпын наадмын дэвжээнээс цурхиртлаа уйлаад буухдаа “Дараагийн удаа заавал хичээнэ. Монгол Улсынхаа далбааг мандуулна.

Энэ удаад чадсангүй, уучлал хүсье, монголчуудаасаа” хэмээн хоолойгоо чичрүүлэн байж хэлсэн боксчин М.Мягмаржаргалын үг монголчуудад хайр түгээлээ. Тэр гарцаагүй дараагийн олимпын аварга. Олимпын дэвжээнд дэлхий аварга боксчинтой эн тэнцүү тулалдсан тамирчин юм. Тэрбээр олимпод оролцож байгаа Монголын анхны эмэгтэй боксчин байлаа. Хэдий ялагдал хүлээж, олимпын наадмыг өндөрлүүлж байгаа ч түүнийг олон амжилт хүлээж байгаа биз ээ.

Тэрээр гэр бүлтэй бөгөөд нөхрийг нь М.Давааням гэдэг боксчин залуу байдаг аж. Эхнэрийнхээ талаар М.Давааням “Хань минь наддаа олимпын тамирчин” хэмээн ярилцлага өгсөн байна. Тэд боксын “Ширэн бээлий” клубын ринген дээр тулалдаж танилцаж байсан аж. Энэ тухайгаа түүний нөхөр “Эмэгтэй хүн болохоор хайрлаад цохиж чаддаггүй, эвгүй юм билээ. Бие биедээ дасаж, хайрлаад, хамтдаа жаргал, зовлонгоо үүрэлцэж, өрх тусгаарласан. Бид одоогоор хүүхэдтэй болоогүй. Хоёр биенээ эрхлүүлээд байж байна даа. Спортоороо амжилт гаргаад, өмнө нь том ирээдүй хүлээж байхад үр хүүхэд нэхэж ч чаддаггүй юм билээ. Түүнийг “Одоо болжээ” гэж хэлтэл нь хүлээнэ дээ” гэжээ.


